
Японы парламент өчигдөр хиймэл оюуны хөгжүүлэлтийг дэмжих, давхар бас энэ технологийг дагалдан бий болж байгаа аюул эрсдэлүүдийг бууруулахад чиглэсэн анхны хуулийг соёрхон баталсан байна. Парламентын дээд танхимд энэ хуулийг, эрх баригч ЛАН болон сөрөг хүчний бусад намууд дэмжсэнээр олонхын саналаар батлагдсан байна. Улмаар Япон улсын хувьд Хиймэл оюун ухааны эрх зүйн иж бүрэн зохицуулалтыг бүрдүүлсэн анхны хууль ийнхүү хүчин төгөлдөр болж хэрэгжих үндэс суурь бүрдсэн байна.
Парламентын доод танхим өнгөрсөн 4-р сард энэ хуулийн төслийг мөн баталсан юм байна. Хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглаж худал хуурмаг, буруу ташаа мэдээлэл түгэх эрсдэл нэмэгдэж байгааг шийдвэрлэх хүрээнд энэхүү шинэ хуулинд, хиймэл оюун ашигласан гэмт хэрэгт ашиглагдсан хортой программ хангамжийг хөгжүүлсэн компани аж ахуйн нэрийг нийтэд зарлах эрхийг засгийн газарт олгосон байна. Ингэж хор аюултай зорилгод хиймэл оюуныг ашиглах нөхцөлд хүмүүсийн хувийн мэдээллийг задруулах, зохиогчийн эрх зөрчих зэрэг бусад гэмт хэрэгт холбогдох үндэс болно гэдгийг дурдаж, иргэд, олон нийтийн эрх, ашиг сонирхлыг хохироосон энэ мэтээр ноцтой гэмт үйлдлүүд гарах нөхцөлд засгийн эрх бүхий байгууллага мөрдлөг шалгалт явуулж, холбогдох бизнесийн оператор компаниудыг зөвлөгөө, мэдээлэл зааварчилгаар хангах, цаашлаад мэдээллийг нь нийгэмд түгээж сэрэмжлүүлэх болон шаардлагатай бусад арга хэмжээг авна гэж тусгасан байна. Гэхдээ технологийн хөгжилд саад учруулахгүй байх гэдэг үүднээс торгуулийн арга хэмжээг энэ хуульд тусгаагүй. Оронд нь одоо үйлчилж байгаа эрүүгийн болон зохиогчийн эрхийн тухай хуулиудад үндэслэж хариуцлага ногдуулахаар зааж өгчээ.
Улмаар ЕХ зэрэг энэ чиглэлд хууль эрх зүйн зохицуулалт баталсан бусад улстай харьцуулахад Япон улс ХОУ-нд хамгийн ээлтэй улс байх болно гэж энэ оны эхээр зарлаж байсан байр сууриа Японы Засгийн газар хадгалжээ гэж ажиглагч шинжээчид үзэж байна. ХОУ-ны салбарт Японы улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс Ерөнхий сайд даргалж, Засгийн газрын бүх сайд оролцсон ХОУ-ны стратеги бүлэг байгуулж энэ чиглэлд ЗГ-ийн тулгуур бодлогыг тодорхойлж байхаар тусгасан онцлогтой байна. Мөн ХОУ ашигласан, садар самуунтай холбоотой гэмт хэрэг өсөж байгааг харгалзаж, худал, зохиомол дуу, дүрс бичлэг, зураг зэрэгтэй тэмцэх арга хэмжээг чангатгах нэмэлт тогтоолыг парламентын хоёр танхим баталжээ.
Япон Улс хиймэл оюуны хөгжлийг дэмжих, дагалдах эрсдэлийг шийдвэрлэх хууль баталжээ | ||
Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.