
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй болоход алтны үнэ эрчимтэй өсөж эхэлдэг. Энэ оны 4-р сард алтны үнэ аль хэдийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн. Тэгвэл алтыг дагаад мөнгөний үнэ өсөх хандлагатай байдаг. Энэ онд мөнгөний үнэ сүүлийн 13 жилд байгаагүйгээр өссөн. Цаашдаа мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтээ эвдэж, нэг унци нь 50 долларыг давахад ойрхон байгааг зах зээлийн шинжээчид тооцоолж байна.
Хамгийн сүүлд 2011 оны 4-р сард мөнгөний үнэ нэг унци нь 50 долларт хүрч, түүхэн амжилт тогтоож байсан. Энэ долоо хоногийн байдлаар мөнгөний үнэ нэг унци нь 35-37 долларын хооронд хэлбэлзэж байна. Зургаадугаар сарын эхний арван хоногт мөнгөний үнэ 10 хувь өссөн тул цаашдаа энэ өсөлтөө хадгалж, 6-р сарын сүүлч гэхэд магадгүй түүхэн шинэ үзүүлэлтийг харуулж болно гэж зах зээлийн шинжээчид хүлээлт үүсгээд байна.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй болж ирэхэд алт эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж тооцогдож үнэ нь өсдөг. Мөнгө ч мөн эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж тооцогддог тул алтны өсөлтөөс тун удалгүй эрчимжиж эхэлдэг онцлогтой. Зарим тохиолдолд мөнгөний өсөлт алтны өсөлтөөс ч давж гарах нь бий. Сүүлийн үед алт мөнгөний харьцаа ойртож байна. Алт мөнгөний харьцаа гэдэг нь нэг унци алт худалдан авахад хэчнээн унци мөнгө хэрэгтэйг тооцдог тооцоолол юм. Алт мөнгөний харьцаа ойртож байгаагаас үзвэл мөнгөний үнэ 60 долларт хүрч түүхэн рекорд харуулах нь цаг хугацааны асуудал гэж шинжээчид хэлж байна.
Тэр тусмаа алтны үнэ 3600 долларт хүрч өссөн энэ цаг үед алт мөнгөний харьцаа бараг 60 луу дөхвөл мөнгөний үнэ нэг унци нь 60 доллар болоход асуудалгүй гэж үзэж байна. Дэлхийн худалдааны нөхцөл байдал тогтворгүй байгаагаас гадна АНУ-ын үндэсний өр улам нэмэгдэж байгаа энэ цаг үед мөнгө худалдаж авах сонирхол хөрөнгө оруулагчдын дунд улам ихсэж байна. Тухайлбал, АНУ-ын засгийн газрын бонд, америк долларын ханш аль аль нь энэ онд багагүй суларсан үзүүлэлттэй байгаа нь мөнгөнд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж байна. Түүнээс гадна мөнгөний аж үйлдвэрийн эрэлт жил ирэх тусам өссөөр байна.
Мөнгө бол цахилгаан хамгийн сайн дамжуулдаг материалуудын нэг. Тэр дундаа нарны зайн хураагуур, цахилгаан автомашин, микро электрон төхөөрөмжүүд зэрэг сүүлийн үеийн өндөр технологиудад мөнгө маш сайн түүхий эд болж өгдөг. 2022-2024 оны хооронд нарны зайн хураагуурт ашиглагддаг мөнгөний эрэлт хоёр дахин нэмэгджээ. 2030 он гэхэд нарны зайн хураагуур үйлдвэрлэлд шаардагдах мөнгөний хэмжээ 370 сая унц болж нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогоор энэ эрэлтийн хэмжээ 220 сая унци байгаа юм. Энэ маягаараа мөнгөний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байх магадлал өсөж байгаа нь цаашид мөнгөний үнийг хөөрөгдүүлэх гол шалтгаан болох юм.
Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.