
Дэлхийн банкнаас энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0,4 хувиар бууруулж, 2,3 хувьд хүргэж байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын тарифын бодлогоос үүдэлтэй дэлхийн худалдааны нөхцөл байдал хурцдаж, дэлхийн улс орнуудын 70 орчим хувийнх нь эдийн засгийн өсөлт энэ жил суларна гэж мөн тооцоолсон байна.
Дэлхийн банкаар тогтохгүй сүүлийн үед олон улсын эдийн засаг санхүүгийн олон байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн тооцооллоо бууруулсаар байна. Дэлхийн банкны тооцоолж байгаагаар 2025 онд дэлхийн эдийн засаг 2008 оны эдийн засгийн хямралаас хойш анх удаа маш сул үзүүлэлтийг харуулах төлөвтэй байна гэж дүгнэлээ. 2027 он гэхэд Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дунджаар 2,5 хувиар өсөх тооцоо байна. Ингэснээр 1960-аад оноос хойш анх удаа эдийн засгийн бүтээмж ингэж суларч байгаа гэсэн үг юм. Цаашлаад, Дэлхийн банкны тайланд дурдсанаар 2025 онд дэлхийн нийт худалдаа эргэлт 1,8 хувиар өснө гэж тооцоолж байна. Үүнтэй харьцуулбал өнгөрсөн жил дэлхийн худалдаа эргэлт 3,4 хувь өссөн. 2000-аад оны эхэн үед дэлхийн худалдаа эргэлт 5,9 хувьтай байжээ. Мөн түүнчлэн энэ онд дэлхийн инфляц 2,9 хувьд хүрч өснө гэж тооцоолж байна.
Тариф, хөдөлмөрийн сул зах зээлийн улмаас инфляцыг цар тахлын өмнөх үед аваачиж бууруулж чадахгүй байна гэж Дэлхийн банк дүгнэж байна. Улс тус бүрээр эдийн засгийн өсөлтийг нь нарийвчлан авч үзвэл, АНУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 2,8 хувиар өссөн бол энэ онд 1,4 хувиар л өсөх төлөвтэй гэж Дэлхийн банк тооцоолж байна. Хятад улсын эдийн засгийн хувьд 2024 онд 5 хувиар өссөн бол энэ онд 4,5 хувь өснө гэж тооцоолж байна. Тарифын дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн удаашрал хөгжиж байгаа орнуудад хамгийн хурцаар нөлөөлөх төлөвтэйг Дэлхийн банкнаас анхаарууллаа. Хөгжиж байгаа орнуудын түвшинд хөрөнгө оруулалт улам буурч, эсрэгээрээ өрийн хэмжээ ихэссээр байна.
Эдгээр сөрөг үр дагаврыг дагуулж байгаа худалдааны хурцадмал байдлыг зөөлрүүлэх Хятад, Америкийн төлөөлөгчдийн Лондонгийн уулзалт Даваа гарагт эхэлж, үр дүн гарсан талаар өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Уулзалтын үр дүнд талууд ойлголцолд хүрч чадахгүй байсан гол асуудал болох Хятадын газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтыг болиулж чадсан гэж мэдээлж байна. Харин Хятадын хувьд АНУ-ын их сургуулиудад оюутнуудаа илгээхэд саадгүй болсон гэж мэдээллээ.
Дэлхийн банк 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулав | ||
Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.