Шууд Chart

“Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв

2025-06-13 13:44:48

Өчигдөр Энэтхэгийн баруун талын Ахмедабад хотоос Лондон хотын чиглэлд хөөрсөн онгоц хөөрснөөсөө хойш удалгүй унаж сүйрсэн. Эрх баригчид сүйрлийн шалтгааныг тогтоох мөрдлөг эхлүүлсэн ажиллаж байгаа юм байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди сүйрлийн газарт очиж, эмнэлэгт гэмтсэн хүмүүстэй уулзжээ. Онгоцонд явсан 241 хүн амь эрстэж, нэг хүн амьд үлдсэн байна. Сүйрлийн газар дээр эрэн хайх аврах ажиллагаа явагдаж дууссан. Одоогоор 204 хүний цогцсыг олж гаргасан. Гэхдээ онгоцны зорчигчдынх эсэхийг эцэслэн тогтоох шаардлагатай. Сүйрэлд давхар өртсөн дотуур байрнаас шархадсан 50 анагаахын оюутныг эмнэлэгт хүргэсэн. Мөн 5 оюутан сураггүй байгаа талаар Бүх Энэтхэгийн Эмч нарын нэгдсэн холбооноос мэдээлжээ.

Онгоц анагаахын коллежийн дотуур байрны барилга дээр оюутнуудын үдийн хоолны цагаар унаж сүйдсэн юм. Лондонгийн Гэтвикийн нисэх буудал руу нисэх байсан Боинг 787  онгоцонд нийт 230 зорчигч, нисэх багийн 12 гишүүн явсан. Зорчигчдын 169 нь энэтхэгчүүд, британий 53 хүн, 7 португал хүн, канадын 1 иргэн байжээ. Тэдний 217 нь насанд хүрэгчид, 11 хүүхэд, 2 нярай байсныг эх сурвалж Ройтерст ярьсан байна.

Амь гарсан цор ганц зорчигч нь британий иргэн Рамеш Вишвашкумар байгаа юм. Тэрээр эмнэлгийн орон дээрээс сурвалжлагчдад ярихдаа зорчигчийн тасалбараа үзүүлж, “онгоц хөөрснөөс хэдхэн секундийн дараа маш чанга дуу чимээ гарсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Тусдаа суудалд явсан дүүгээ олж чадахгүй байгаа тул туслахыг хүсэж байжээ.

“Эйр Индиа” нисэх онгоцыг эзэмшигч Тата групп”-ийн зүгээс энэ сүйрэлд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт 86 мянган фунт стерлинг буюу 116 мянган ам.доллартой тэнцэх тэтгэмж олгохоо мэдэгджээ. Тэгвэл Боинг корпорацын Ерөнхийлөгч Келли Ортберг мөн өчигдөр мэдэгдэл хийж, Эйр Индиа нисэх компанийн даргатай холбогдон бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ өөрөө болон багийнхан нь мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн онгоцны хөдөлгүүрийн GE Aerospace компани мөн мөрдлөгт хамтрахаа илэрхийлжээ. Боинг 787 онгоц 2013 онд батарейтай холбоотой хэд хэдэн удаагийн асуудал гарсны улмаас дэлхий даяар хэсэг зуур нислэгт гаргахыг түдгэлзүүлж байсан удаатай.

Өнгөрсөн сард тэрбум дахь зорчигчоо тээвэрлэсний баяраа тэмдэглэж байсан “Боинг” компани 787 дримлайнер онгоцонд тохиолдсон энэ удаагийн сүйрэл голчлон тив хоорондын нислэг үйлддэг, хамгийн аюулгүй онгоцны жагсаалтыг тэргүүлж байсан онгоцыг 14 жилийн өмнө анх үйлчилгээнд гарснаас хойших анхны осол юм байна. Юутай ч нислэгийн үеийн гол чухал бүх мэдээлэл бичлэг хадгалагдсан онгоцны хар хайрцгуудын бичлэгийг бүрэн тайлж унших хүртэл одоогоор ямар ч дүгнэлт хийх аргагүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй