
Израил улс өнөө өглөөнөөс Ираны цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн удирдлагын байруудыг онилсон цохилтууд өгч эхэлсэн. Энэ нь Тегераныг цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн урт хугацааны ажиллагаа болж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Ойрх Дорнодод ийнхүү байдал хурцадсантай холбогдуулж АНУ-д Ерөнхийлөгч Д.Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах талаар Цагаан ордноос мэдээлсэн байна.
Ираны хэвлэлүүд болон газар дээрх гэрчүүдийн мэдээлж байгаагаар, Ираны уран баяжуулдаг гол байгууламж Натанз дахь үйлдвэр зэрэг газруудад дэлбэрэлтүүд болсон. Израил мөн Ираны талаас болзошгүй хариу цохилт, пуужин, дроны халдлагуудаас сэргийлж улсдаа онц байдал зарласан байна. Ираны төв телевизээр мэдээлснээр, Ираны цэргийн элит анги, хувьсгалт гвардийн тэргүүн Хоссейн Салами, мөн тус ангийн төв байр, бас Ираны нийслэл дэх орон сууцны районд үйлдэгдсэн халдлагад хэд хэдэн хүүхэд амь эрсэдсэн байна. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху видео бичлэгээр мэдэгдэл хийж, Израил улсад аюул занал учруулж ирсэн Ираны аюулыг сөрөх ажиллагаа нь тавьсан зорилгоо бүрэн биелүүлэх хүртэл үргэлжилнэ гэж мөн мэдэгджээ.
Израил цөмийн бөмбөг, баллистик пуужин, уран баяжуулах чиглэлд ажиллаж байгаа Ираны физикч эрдэмтдийг гол онилж явуулж байгаа энэ ажиллагаа нь хэдэн өдөр үргэлжилж магадгүйг мэдэгджээ. Ираны парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого эрхэлсэн комиссын дарга Эбрахим Азизи Исламын Бүгд найрамдах улсынх нь цэргийн болон цөмийн байгууламжид Израил халдсаныг хүлээн зөвшөөрөөд, Ираны иргэд амгалан тайван байдлаа хадгалахыг уриалж, мөн Иран улс Израилд шийдвэртэй хариу өгөх болно гэж мэдэгдсэнийг Ираны Шарк нэртэй хэвлэлд дурджээ. Израилын цэргийн албаныхан Иран улсыг 15 хоногт багтан цөмийн бөмбөг бүтээх хангалттай хэмжээний материалтай болсон талаар мэдээлж байсан.
АНУ-ын ТНБД Марко Рубио энэ зуур Израилыг өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс Иранд дангаар цохилт өгч байгаа. АНУ энэ ажиллагаанд оролцоогүй, гагцхүү бүс нутаг дахь Америкийн хүчнийхнийг хамгаалах нь гол зорилго болж байгааг мэдэгдсэн байна.
Өчигдөр буюу пүрэв гарагт Ерөнхийлөгч Трамп Израилыг Иранд өгч болзошгүй байгааг мэдэгдэж, гэхдээ асуудлыг энх тайвнаар шийднэ гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан. Үүний зэрэгцээ АНУ Иран болон бусад Ойрх Дорнодын орнуудаас иргэд, дипломат алба хаагчдаа эргүүлэн татах мэдэгдэл хүргүүлээд байжээ.
Израил Улс Ираны цөмийн байгууламжууд, пуужингийн үйлдвэрүүдэд цохилт өгч эхэлжээ | ||
Үзсэн: 294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.