
Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав.
Эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотой тушаал шийдвэрийг авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд хянан үзэж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж дүн шинжилгээ хийхэд мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлоогүй зэрэг нөхцөл байдал нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй байх тул 2024 оны 11 дүгээр сард Зөвлөмж хүргүүлсэн.
Эрчим хүчний яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл олголттой холбоотой дүрэм журам хүчингүй болгуулах, ил тод байдлыг хангуулах, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлох зэрэг асуудлаар тус яаманд хүргүүлсэн 4 заалт бүхий зөвлөмжийн хэрэгжилт 82.5 хувьтай байв.
Хэдийгээр Эрчим хүчний яамнаас зөвлөмжийн хариуг ирүүлэхдээ хугацаа хоцроосон боловч зөвлөмжийг харьцангуй үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн үйлчилгээний үнэ гэх төлбөрийг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны А/15 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр тогтоон авч байсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Түүнчлэн бүсчлэлээс хамааран цахилгаан, дулааны нөхцөл шинээр олгох тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хуульд заагаагүй төлбөр тогтоон авч байсан шийдвэрийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн хүрээнд хүчингүй болгов. Техникийн нөхцөлийг олгож байгаа цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргах хугацааг хязгаарлаж хүндрэл чирэгдэл учруулахаар байсныг өөрчилж, цахим системийг 24 цагийн турш өргөдөл хүлээн авдаг болгосон байна.
Цаашид тус яамны зүгээс тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгож, ил тод байдлыг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй байна гэж АТГ-аас мэдээллээ.
Эрчим хүчний салбарт тогтоосон үндэслэлгүй төлбөрийг хүчингүй болгуулав | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.