Шууд Chart

Пиг Хегсег: Ойрх Дорнодын асуудалд АНУ батлан хамгаалах байр сууринаас хандаж байна

2025-06-18 11:47:32

АНУ-ын зэвсэгт хүчин Ойрх Дорнодод батлан хамгаалах үүрэг зорилттой байна. Мөн Вашингтон Ираныг тойрсон нөхцөл байдлыг энх тайвнаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна гэж Америкийн батлан хамгаалахын сайд Пит Хегсет “Фокс ньюз” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Тэрээр ярилцлагадаа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегерантай цөмийн асуудлаар хэлэлцээр байгуулах эрмэлзэлтэй хэвээрээ. Америкийн удирдагчийн байр суурь энэ тухайд өөрчлөгдөөгүй гэж нэмж дурджээ. Мөн Ойрх Дорнодыг бүс рүү нэмж хүч дайчлах чиглэл өгсөн талаараа Хегсет Икс нийгмийн сүлжээгээр мэдээлж, АНУ-ын хүчнийг хамгаалах нь манай тэргүүн зорилт, нэмэлт хүч илгээсэн нь бүс нутаг дахь батлан хамгаалах чадавхиа өргөжүүлэх зорилготой” гэж дурдсан. Гэхдээ яг ямар хүч нэмэлтээр илгээсэн тухайд мэдээлэл байхгүй байна. Энэ зуур Ерөнхийлөгч Трамд Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбогдуулан Канадад болж байгаа Долоогийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг төлөвлөснөөс эрт орхиж нутаг буцах болжээ. Ерөнхийлөгч мөн багийн гишүүддээ Ираны албаныхантай аль болох хурдан уулзалт хийх чиглэл өгсөн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Өмнө нь Трамп Truth social нийгмийн сүлжээгээр дамжуулж Ираны нийслэл Техранаас бүх хүнийг яаралтай гарч явахыг анхааруулсан. Трампын энэ мэдэгдэл, Ираныг хэлэлцээний ширээнд нэн даруй суухыг ятгах зорилготой гэдэг мэдээллийг Цагаан ордны өндөр тушаалын төлөөлөгч CNN-д мэдээлжээ. Энэ зуур Израил, Иран хооронд агаарын дайралт довтолгоо 4 дэх өдрөө үргэлжилж, Ираны нийслэл Техранд дэлбэрэлтүүд болж, Ираны төрийн мэдлийн төв телевиз цохилтод өртжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Израил Ираны нийслэлийн төв хэсгээс хүмүүсийг гарч явахыг анхааруулсны дараа ийм цохилт болсон байна.

Израилын батлан хамгаалах арми даваа гарагт Ираны тагнуулын дөрвөн өндөр албан тушаалтныг хөнөөж, пуужин хөөргөх 120 гаруй тавцан буюу Ираны зэвсэглэл дэх нийт нөөцийн гуравны нэгийг устгасан гэж мэдээлсэн. Ираны эрүүл мэндийн яамны мэдээгээр, баасан гарагаас эхэлсэн Израилын дайралтад 200 гаруй хүн амь эрсдэж, 1800 гаруй хүн шархадсан, шархадсан хүмүүсийн дийлэнх хувь нь энгийн иргэд байна. Иран мөн Израилд хариу дайралт үйлдэж байна. Израилын засгийн газрын мэдээгээр, Иранаас 370 гаруй пуужин хөөргөснөөс 30 нь байнд туссан. Улмаар Израилд амь үрэгдсэн хүн 24 болж, 600 орчим хүн шархадсан гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пиг Хегсег: Ойрх Дорнодын асуудалд АНУ батлан хамгаалах байр сууринаас хандаж байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй