
Израил-Ираны хямрал долоо дахь хоногоо үргэлжилж байна. Хохирлын хэмжээ улам нэмэгдэж байгаа энэ цаг үед талууд аль аль нь гал зогсоох сонирхолгүй байгаагаа илэрхийлсээр байна. АНУ-ын зүгээс Израилыг дэмнэж, Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхлэх эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэж Ерөнхийлөгч Трамп мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Ираны гадаад хэргийн сайд Аббас Арахчи Их Британи, Франц, Германы гадаад хэргийн сайд нартай Швейцарын Женев хотноо уулзаж, хямралын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Долоо хоногийн өмнө Израил улс Иран руу анх цохилт өгөхдөө Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн. Харин Ираны зүгээс зөвхөн энхийн зориулалтаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг байр суурин дээрээ бат зогссоор байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Израилын агаарын довтолгоонд өртөж амиа алдсан Иран иргэдийн тоо 639-т хүрсэн бол амиа алдсан израил иргэний тоо 24 байна.
Израилын талаас зөвхөн Ираны цэргийн байгууламжууд, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа газруудыг онилж цохилт өгч байгаа ч кластер бөмбөг ашиглаж байгаагийн улмаас бөмбөг онилсон газраа тусахдаа задарч, ойр орчмын газруудад хохирол учруулсаар байна. Израилын бөмбөгдөлтөд Ираны цэргийн томоохон коммандлагчид, мөн цөмийн хөтөлбөр, судалгаа явуулж байсан эрдэмтэд өртөж энджээ. Харин Ираны зүгээс мөн л Израилын цэргийн байгууламжууд руу онилж цохилт өгч байгаа гэж хэлж байгаа ч нэг эмнэлэг, хэд хэдэн хотхон өртөж сүйджээ. 1979 оны Исламын хувьсгалаас хойш Ираны нутаг дэвсгэр дээр хамгийн их хохирол тарьж байгаа энэ цэргийн ажиллагааны хүрээнд Ираны дэглэмийг түлхэн унагаж болох юм гэж Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху дурдсан байна. Гэхдээ түүнээс урьтаж ираны иргэд эрх чөлөөнийхөө төлөө босож, Ираны дэглэмийг унагаах нь зүйтэй гэж мөн дурджээ.
Иранд их удирдагч Аятолла Али Хаменейн дэглэмийг эсэргүүцдэг идэвхтнүүд цөөнгүй байдаг. Гэхдээ өдөр бүр байнга Израилын агаарын довтолгоонд өртөж байгаа энэ түгшүүрт цаг үед нийгмийг хамарсан томоохон эсэргүүцэл хөдөлгөөн гарах боломжгүй гэж гадагш дүрвэсэн иранчууд үзэж байна. Яг энэ цаг үед хэнд ч ашиггүй ийм хямрал мөргөлдөөнийг бүс нутагт халин тархахаас сэргийлж, галаа зогсоох хэрэгтэй гэж Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Ламми дурдлаа. Их Британи тэргүүтэй Европын улс орнуудын өнөөдрийн уулзалтаас хүлээж байгаа гол зүйл нь хямрал мөргөлдөөнийг намжаах байна. Өнгөрсөн Баасан гарагт Иран руу түрүүлж довтолсон Израил улсыг тэгвэл ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар зэмлэн буруутгаж байна гэж Кремлийн зүгээс мэдээлжээ.
Өнөөгийн нөхцөл байдалд АНУ ямар үүрэгтэй оролцох эсэх тодорхойгүй хэвээр байна. АНУ хэрвээ мөргөлдөөнд оролцоно гэдэг шийдвэрт хүрвэл Ираны газар доорх цөмийн байгууламжид хохирол учруулж чадахуйц нуувч дэлбэлэгч бөмбөг ашиглах магадлалтай гэж Ройтерс бичжээ. Харин Булангийн орнуудын зүгээс Израил улс Ираны цөмийн байгууламжууд руу халдаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Ираны цөмийн байгууламжууд сүйдэж, аливаа химийн бохирдол гүний усанд шингэвэл Булангийн орнууд даяар ундны усны хямралд орж болзошгүй гэж үзэж байна.
АНУ Израил-Ираны хямралд оролцох эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэв | ||
Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.