
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина.
2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч компани дээрээ байсангүй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Геологийн төв лабораторийн уулзварт төмөр зам доогуурх Улаанбаатар хотод хоёр дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийж, хуваарийн дагуу ажил явж байна. Энэхүү нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан. Ганцхан аж ахуйн нэгж буюу “Хэт Моторс” ХХК-тай зөвшилцөлд хүрч чадахгүй гурван жилийн нүүрийг үзэж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гээд шийдлүүд санал болгосон. Тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Хэт Моторс” ХХК-д сонсох ажиллагааг ч явуулжээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар авто зам, шугам сүлжээ тавихтай холбоотой трасст өртсөн иргэн, ААНБ-уудын 70-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай нь зөвшилцөлд хүрч чадаагүй байсан ч захиргааны албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ долоо хоногт “Хэт Моторс” ХХК шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгаж, газар чөлөөлж, нөхөн олговрыг шүүхээр шийдүүлэх болохыг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, холбогдох зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаярт даалгалаа.
“Хэт Моторс” ХХК-ийн газар нь өмчлөгдөөгүй эзэмших эрхтэй газар бөгөөд авто замын түгжрэл бууруулах, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бий болгох олон нийтийн эрх ашгийн төлөөх ажилд газар чөлөөлөлт дээр дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хотын дарга ААНБ-уудад уриаллаа.
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэх юм.
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй 3 жил болжээ | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.