
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдах “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих” асуудлаарх Өндөр түвшний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцохоор Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байна.
Энэ үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын “Сэйнт Жүүд” Хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд оролцож Монгол Улсын засгийн газрын байр суурийг илэрхийлэв.
Арга хэмжээний нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Адхеном Гебрейсус оролцож, хөгжиж буй бага, дунд орлоготой орнуудын хүүхдийн эмнэлгүүдийг чанарын баталгаатай хавдрын эмээр хангаж,
2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэх зорилтыг танилцуулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уг зорилтод хүрэхэд хэрэгжлүүлж эхэлж буй өөрийн улсын сайн туршлагын талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Хүүхэд бүр эцэг эх болон нутаг усаа сонгодоггүй”, харин өвдөх үед дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй” хэмээн онцгойлон тэмдэглэв. Энэ ч утгаар “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын хүрээнд Монгол Улс 2025 оноос эхлэх хүүхдийн 6 хорт хавдрын 18 төрлийн чанартай эмийг санхүүгийн дарамтгүй буюу үнэгүй олгож эхэлсэн эхний 6 улсын нэг болсон талаар танилцуулав.
Арга хэмжээний төгсгөлд тэрбээр арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Укбекистан Улсын Тэргүүн хатагтай Зироат Мирзиёевад талархал илэрхийллээ.
Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй | ||
Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.