
Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод болох Олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангиллыг нэмэхийг баталлаа.
Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилал (эрэгтэй зургаа, эмэгтэй зургаа) болж, тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. Гэхдээ тамирчдын нийт тоо өөрчлөгдөхгүй бөгөөд 120 хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) оролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Лос Анжелес 2028 олимпын хүндийн өргөлтийн төрлийн тэмцээн 2028 оны долоодугаар сарын 25-29-ний хооронд явагдана.
Энэ шийдвэрийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргасан бөгөөд жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Мохаммед Жалуд “ОУОХ нь манай холбооны санал, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд бид их баяртай байна. Лос Анжелесийн олимп тамирчид болон үзэгчдийн аль алинд нь баяр хөөр авчрах, гайхалтай наадам болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Шинэ жингийн ангиллууд:
2025 оны эцэст IWF Лос Анжелес 2028-д өрсөлдөх зургаа, зургаан ангиллыг албан ёсоор зарлана. Түүнээс өмнө дараах шинэ ангиллууд хэрэгжиж эхэлнэ.
Эмэгтэйчүүд: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, 86 кг, +86 кг
Эрэгтэйчүүд: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, 110 кг, +110 кг
Шинэ ангиллын дагуу анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны аравдугаар сарын 2-11-нд Норвегийн Ферде хотноо болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Лос Анжелес 2028: Олимпын хүндийн өргөлтийн жингийн ангиллын тоо нэмэгдэнэ | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.