
НҮБ-ын Хүүхдийн сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог.
Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд орсныг судалгаа харуулж байна.
“Тандем масс спектрометри” хэмээх энэ технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх өндөр нарийвчлалтай юм.
Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэн оношилсноор эмчилгээг бүрэн хийж, хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх боломжтой юм.
Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын гала арга хэмжээний үеэр босгожээ.
Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж бүрджээ.
“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм. Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно. Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.
Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.