
“Залуучуудын эрүүл мэндийн асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр ЭМЯ-нд боллоо.
Залуучуудын дунд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж, зөвлөж, бодлогын баримт бичиг боловсруулах хүрээнд тус хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн тэрбээр, Залуучуудын гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг. 10-35 насны хүүхэд, залуучуудын дунд осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 60-аас илүү хувийг эзэлж байгааг 2024 оны эрүүл мэндийн статистик мэдээллээс харлаа.18-30 насны залуусын дунд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн, зүрх-судасны, амьсгалын тогтолцооны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг сэргийлж болох өвчлөл тэргүүлж байна. Залуучууд өөрсдийгөө би залуу хүн учир эрүүл гэсэн ташаа ойлголттой байгааг өөрчлөх хэрэгтэй. Залуу насанд авсан өвчний үлдэц, буруу дадал зуршил нь ирээдүйн насжилт, амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Ирээдүйд эрүүл чанартай амьдрах нь өнөөдрийн сонголт, ухамсар, дадал зуршлаас маш их шалтгаалдаг тул эрүүл мэнд, эрүүл амьдралыг үл тоох, үл анзаарах хандлагаа өөрчлөхийг уриалав.

Өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед оношлуулж эмчлүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдэлээс хамгаалах учиртай гэдгийг залууст ойлгуулж, мэдлэг мэдээллээр хангах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг 2024 онд батлуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” цогц арга хэмжээ төлөвлөгөөг 4 яамны оролцоотой хамтран баталж хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, манлайлал чухал гэдгийг онцолж хэллээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан залуучуудын чиглэлээр эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулав. Улс орон даяар зохион байгуулагдсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 18-30 насны залуучуудын зөвхөн 10,6 хувь нь хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг танилцуулгын эхэнд дурдлаа. Хөдөлмөрийн насны хүн амд 15-34 насны залуус 42.2 хувийг нь эзэлдэг. Хүн амын тэн хагасыг нь залуучууд эзэлж байна гэсэн үг. Дээрх эрт илрүүлгээр 78 мянган өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 18-30 насны залуусын дунд хавдрын 131 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Залуусын 73.7 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй, ердөө 4.1 хувь нь л эрсдэлгүй буюу эрүүл гэсэн үзүүлэлттэй байна.
Архи, тамхины хэрэглээ 25-34 насны залуусын дунд хамгийн өндөр буюу 42-44 хувьтай. Өдөрт дунджаар 15 ширхэг, жилд 5475 янзжуур татдаг гэсэн судалгаа гарчээ. 15-34 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 68 хувийг, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах тогтолцооны өвчин, хавдар, зүрх судасны өвчин дараагийн байрт орж байна. Иймд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоо, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажлыг залуучуудын дунд тасралтгүй явуулах шаардлагатай гэлээ.
Залуучуудын эрүүл мэндийн асуудал хамгийн хүнд сорилт нь 24 цагийн ээлжийн ажил, ачаалал
НЭМҮТ-ийн захирал, АУ-ны доктор Л.Баттөр: Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа залуучууд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, өөрсдийн нийгмийн асуудлын төлөө түлхүү ярилцах нь зүйтэй. Зөвхөн эрүүл мэндийн салбарынх гэлгүй нийт залуучуудын дунд хамгийн чухал бэрхшээл, сорилт нь 24 цагийн ээлжийн ажлын асуудал байдаг. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө илүүдэл жингүй байх гэх мэт олон зүйлүүдийг ярьдаг. Гэвч 24 цагийн ээлжийн ажлын ачаалал, 7 хоног, жил биш 10, 20 жилээр үргэжилсэн ачаалалтай ажиллаж байгаа нь хамгийн том сорилт байдаг. Ингэж ажиллаж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд, хүнд байдлыг бий болгож байна. Үргэлж өвчтэй, бухимдсан хүмүүстэй харьцдаг. Инээсэн хүн бараг л байхгүй. Сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөл байдалд ажилладаг. Тиймээс энэ ажлын ачаалал нь илүүдэл жинг бий болгох нөхцөл байдал болж байна. Ингэж ээлжээр ажиллаж байгаа хүмүүст орой 18 цагаас хойш хоол битгий идээрэй гэж хэлэх, зөвлөх ямар ч боломжгүй. Нас баралтад хүргэж байгаа нийт шалтгааны 35-40 хувийг зүрхний шигдээс, тархины цус харвалт гэсэн хоёр шалтгаан л эзэлж байна. Үүний цаана артерийн даралт ихсэлт, эрчүүдийн хувьд тамхи, архины хэрэглээ байна. Шөнийн ээлжийн ажилтай хүмүүст энэ асуудал илүү өндөр тохиолдож байна. Иймд архи, тамхинаас татгалзъя гэж ярихаасаа үйлдэл хийх хэрэгтэй.


Эрүүл мэндийн ажилтнуудын дундах сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судалсан (2024 онд хот хөдөөгийн 4000 гаруй эрүүл мэндийн ажилтныг хамруулсан) судалгаагаар 2 ажилтан тутмын нэг нь ажлын байрны стресстэй байна. Юу нөлөөлж байна гээд үзэхэд удирдлагатайгаа таарахгүй, хамт олонтойгоо зөрчилтэй байдаг, ажлын байранд хүчирхийлэлд өртөх зэрэг. Стрессmээд зогсохгүй архаг ядаргаа, сэтгэл түгших, сэтгэл гутрах эмгэгийн эрсдэл өндөр байв. Эрүүл мэндийн ажилтан сэтгэл санааны хямралтай байх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай сайн хүргэхэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын дунд ажлын байрны стрессийг тайлах хөтөлбөр явуулах хэрэгтэй. Эмнэлэг бүрт сэтгэл зүйч ажиллуулах, бүлгийн ярилцлага хийх, сэтгэл заслын зөвлөгөө хийх тусламж үйлчилгээ шаардлагатай.

ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч М.Мөнххишиг: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 өсвөрийн кабинет клиник ажиллаж байна. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд өсвөрийн кабинет, аймагт бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдэд мөн ажиллаж байгаа. Өсвөр үеийн кабинет нь өсвөр үеийнхний бэлгийн бойжилт, биеийн хөгжил, нийгмийн хөгжил, сэтгэцийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай клиникт жилд дунджаар 4500 орчим өвсөр үеийнхэн, 20-24 насны залуус тусламж үйлчилгээ авдаг. Гол тусламж үйлчилгээ нь бэлгийн бойжилттой холбоотой нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байна. Хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь охид. Хөвгүүд маш цөөн ханддаг. Охидын дийлэнх ханддаг асуудал нь биеийн юм, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл, эмгэгүүд, зарим тохиолдолд өсвөр насны жирэмслэлт, хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд тусламж үйлчилгээ авдаг. Манай клиник зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй улсын хэмжээнд өсвөрийн кабинетийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг.

Өсвөр насныхан, залуусын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, дадал хангалтгүй байна. БЗДХ нь өөр замаар дамжихгүй, бэлгийн эрсдэлтэй зан үйлтэй хүмүүс л өртөх магадлал өндөр. Тиймээс залуучуудын хувьд амьдралын зөв хэв маяг хэвшүүлэх нь маш чухал байна. Бас нэг анхаарах зүйл нь эрэгтэйчүүдийн дунд заг хүйтэн өвчний тохиолдол нэмэгдэж байна гэдгийг анхааруулав.
Өсвөр үеийн кабинетэд үзүүлсэн залуусын дунд хоол боловсруулах замын өвчин тэргүүлж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нөхөн үржихүй, өвсөр үе, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Паламжав: Нийслэлд 260 мянга орчим өсвөр насны хүүхдүүд байна. Нийслэлийн 9 дүүргийн өсвөрийн кабинетээр жилд дунджаар 10 мянган өсвөр насны хүүхдүүд эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж авдаг. 2025 оны байдлаар 10,571 хүүхдэд үзлэг хийснээс, 6800 хүүхдэд эмчилгээ зөвлөгөө үзүүлсэн. Мөн “Оюутны эрүүл мэндийн сар” үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Ерөнхийд нь аваад үзэхэд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын тэргүүлэх шалтгаан нь хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, осол гэмтэл, бэлгийн замын өвчлөл байна. Хүний мэдлэг, хандлагыг өөрчлөхөд нэг удаагийн жор нөлөөлөхгүй. Тасралтгүй байнга хийгдэж байх ёстой. Тиймээс энэ ажилд санхүүжилт тусгах хэрэгтэй. Ингэснээр хүртээмж нь нэмэгдэнэ. Нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд анхаарахыг хүсье" гэлээ.
Модератор: Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан:
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын төлөөлөл 80 гаруй залуу эмч, мэргэжилтнүүд оролцож өөрсдөдөө тулгардаг асуудлаа нээлттэй хэлэлцлээ.
“Залуучуудын эрүүл мэндийн асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.