
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Япон улсын “Цукуба” их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхим нь 2016 оноос хойш осол гэмтлийн шалтгаан, тархалтыг тогтоох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг судалгааг хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх интервенц хэрэгжүүлэх байдлаар хамтарч ажиллаж ирсэн билээ.
Тэгвэл өдгөө эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах урт болон богино хугацааны сургалт, ажлын байран дахь дадлагажуулалт зэрэг үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, “Цукуба” их сургуулийн Амьдралын хэв маяг, инноваци, судалгаа хөгжлийн төвийн захирал Хисаши Ёошимото нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь харилцан солилцоог бэхжүүлэх, клиник болон академик чадавхийг сайжруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллах юм.
- Харилцан сонирхлын хүрээнд хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
- Сонгогдсон аймаг, дүүргүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэх;
- Академик судалгааны ур чадварыг сайжруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр, ажлын байран дахь дадлагыг багтаасан сургалтуудыг зохион байгуулах;
- Мөн харилцан тохиролцсоны үндсэн дээр эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх зэрэг юм.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Япон улсын талаас “Цукуба” их сургуулийн Олон улсын нийтийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч, “Нийтийн эрүүл мэндийн докторын хөтөлбөр”-ийн захирал Ичикава Масао, тус сургуулийн судлаач, доктор Г.Гэрэлмаа болон ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй албадын удирдлага, Статистик тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
ГССҮТ Япон улсын “Цукуба” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.