Шууд Chart

Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” зогсоохыг уриалж байна

2025-10-09 16:39:50

2026 оны хоёрдугаар сард болох Милано-Кортинагийн өвлийн Олимпын наадмын хугацаанд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачилгыг НҮБ-д өргөн барих гэж буйгаа Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдлээ.

Энэхүү санаачилга нь эртний Грекийн Олимпын наадмаас улбаатай бөгөөд тухайн үед дайтаж буй талууд тамирчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс наадам үргэлжлэх хугацаанд зэвсэгт мөргөлдөөнөөс татгалздаг уламжлалтай байжээ.

Гэвч 1896 оноос хойших орчин цагийн Олимпын түүхэнд олимпын энхийн түр зогсолт хэрэгжсэн тохиолдол үгүй бөгөөд “Парис 2024” наадмын үеэр ч энэ уриалга биелээгүй юм.

Милано–Кортинагийн өвлийн Олимп 2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдана.

Антонио Таяни “Милано–Кортинагийн Олимпын хүрээнд бид бүх дайнд, тэр дундаа Украин болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хамарсан Олимпын эвлэрэл түр гал зогсоох санаачлагыг НҮБ-д өргөн барьж байна. Бид энх тайвны төлөөх итгэл үнэмшилдээ бууж өгөхгүй” гэжээ.

Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын мөргөлдөөнийг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. Уг төлөвлөгөөний дагуу Израиль болон Хамас талууд өнгөрсөн долоо хоногт шууд бус хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд 2023 оны 10-р сараас хойш 67,000 гаруй палестин иргэн амиа алдсан хүнд нөхцөлд хамгийн найдвар төрүүлсэн энхийн санаачилга гэж үзэж байна.

Тэр өдөр Газын дайны хоёр жилийн ой тохиосон бөгөөд Израилийн цэргийн ажиллагааны улмаас үүссэн гамшигт хариу болгон Баруун Европын хэд хэдэн улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол Италийн Засгийн газар одоогоор энэ алхмыг хийгээгүй байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 


Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” зогсоохыг уриалж байна  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй