Шууд Chart

Пусаны эрүүл мэндийн төвтэй хамтран 1000 эмч харилцан солилцож, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив

2025-10-11 13:56:21

Эрүүл мэндийн аялал жуулчлал гэх шинэ ойлголтыг бий болгож, оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ, асаргаа сувилгааг технологийн дэвшилтэй хослуулан эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж буй улс орон бол Солонгос.

Улсдаа дээрх бүхий л үзүүлэлтээрээ дээгүүрт бичигддэг ууган эмнэлэг Пусаны эрүүл мэндийн төв эмнэлгээр НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгчдийн хамтаар зочиллоо.

1876 онд “Gwanlip Jesaeng Hospital” нэртэйгээр байгуулагдаж байсан тус эмнэлэг нь Солонгосын анхны барууны хэв маяг, үзлэг оношлогоог нэвтрүүлсэн эмнэлэг гэдгээрээ онцлогтой юм байна. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэчлэгдсээр байх 150 жилийн түхэндээ хэд хэдэн удаа нэр, байршлаа өөрчилж 2001 онд одоогийн байршилдаа төвхнөжээ. 2026 онд тус эмнэлгийн 150 жилийн ой тохиох гэж байна.

Тус эмнэлгийн захирал Lee Se-woong ажилчдын хамтаар биднийг угтан авч эмнэлгийн тасаг, тоног төхөөрөмж зэргээ танилцууллаа.

Тэрбээр “Манай эмнэлэг нийтийн эрүүл мэндийн төв учраас орон нутгийн иргэдэд хямд, хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Бид ковид-19 цар тахлын үед маш ачаалалтай ажилласан учраас одоо Амьсгалын замын төв байгуулахад анхаарч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шүдний эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, зүрх судас, тархины судасны төвтэй. Манайх хотын нэгдүгээр эмнэлгийн хувьд бүс нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд олон төсөл хэрэгжүүлдэг. Монгол болон Пусан хотын хүн ам ойролцоо. Манай хотод 3.5 сая хүн амьдардаг. Манай улсын эмнэлэгийн систем хувийн болон төрийн гэсэн холимог тогтолцоотой. Тиймээс даатгал болон нөхөн төлбөрийн үйлчилгээ нь шударга байх ёстой гэдэгт ихээхэн анхаардаг. Манай хоёр хот эрүүл мэндийн аялал жуулчлалын төвийг бий болгож хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Би эмч мэргэжилтэй. Удам дамжсан эмч нар дунд ажиллаж амьдардаг учраас эмчийн ажлын сайхан хийгээд бэрхшээлтэй талыг маш сайн ойлгодог. Танай эмнэлгийн эмчилгээ гойд сайн байгаа нь оношлогоо сайн байгаагийн илрэл. Танай эмнэлэгтэй хамтран 1000 эмчийн харилцан туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэв.    

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Пусаны эрүүл мэндийн төвтэй хамтран 1000 эмч харилцан солилцож, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй