Шууд Chart

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн Дархан хотод үргэлжилж байна

2025-10-11 14:36:01

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлж, салбарын бодлого, стратегийг танилцууллаа.

Тэрбээр “…Биеийн тамир, спортын салбарын бодлого, хөтөлбөрийг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх, цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, спортын дипломат харилцааг шинэ түвшинд гаргах нь бидний тэргүүлэх чиглэл байх болно. Энэ хүрээнд бид 4 чиглэлээр анхаарч ажиллаж байна. Үүнд:
1. Хүн амын биеийн тамир, спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэх;
2. Спортоор амжилтыг дээшлүүлэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
3. Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийг бэлтгэх;
4. Биеийн тамир, спортын салбарын орчинг бүрдүүлэх, санхүүжилт.

Энэхүү зөвлөгөөнийг аймагтаа хийх бололцоог олгож, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын хамт олон, Дархан-Уул аймгийн БТСГ болон хүрэлцэн ирсэн 21 аймаг, 9 дүүргийн ажилтан, албан хаагч нартаа талархал илэрхийлье” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа зөвлөгөөний нэгдсэн хуралдаан өрнөж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан “Биеийн тамир, спортын бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, Татварын Ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Энхтөр “Татварын бодлогоор спортыг дэмжих асуудал”, ССАЖЗЯ-ны Дотоод аудитор Г.Шүрэндолгор “Биеийн тамир, спортын салбарын санхүүгийн аудитын үр дүн” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

  


Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн Дархан хотод үргэлжилж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй