
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв.
Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.
Ажлын хэсэг холбогдох яам, байгууллагын төлөөллийг оролцуулах гурвантаа хуралдсан тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов. Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.
Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.
Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм. Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав.
Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар асуулт асууж, ахмад настны тэтгэвэр, зээлтэй холбоотой статистик мэдээллийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Ахмад настнуудыг төлөөлөн Байнгын хороонд хуралдаанд оролцсон өндөр настан Ц.Алтанзул ордны гадаа ахмадууд 40 шахам хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан тухай онцолж, одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж буйг дурдсан юм. Тэрбээр, орон сууцны хонгилын давхарт өрөө түрээслэж амьдардгаа хэлж, тэтгэврээ хагас жилээр зээлээд авчихсан, нэг ам бүлд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн халамжийн тэтгэврээр амьдарч байгаагаа танилцуулсан юм. Бодит байдал дээр тэтгэвэр, халамжийн мөнгө амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгааг тэрбээр онцолж, тэтгэвэр нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байгаагийнх нь төлөө өнгөрөгч долоо хоногт хүмүүс ална гэж дарамталсан, үүнээс болж өөрийн гэртээ амьдарч чадахгүй, охиныдоо нуугдан сууж байгаагаа хэллээ.
Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Ч.Ундрам, Л.Мөнхбаясгалан болон ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж, хүн тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцыг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа бага тэтгэврйг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийгн нэмэх шаарддлагагүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн зээлийг Монголбанк эрсдэлтэй зээлийн ангилалд оруулсан байгааг танилцуулахад тус банкны газрын захирал Г.Борхүү үгүйсгэсэн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэл нийгмийн даатгалын шинэчлэлийн гол чиглэл байх талаар танилцуулсан бөгөөд даатгуулагч ямар хугацаанд, ямар хэмжээний шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам онцлов. Байнгын хорооны дарга нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг хүн амын болон ажил, мэргэжлийн бүлэг, салбаруудын талаар тодруулга авсныхаа дараа цэрэг, армийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс даах нь зөв боловч үүний хажуугаар хууль, хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын шимтгэлийг хариуцах болсон нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Ахмадын тэтгэвэр, тэтгэврийн зээл, асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын хувьд дэмжиж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар дотоод зохион байгуулалтын буюу Байнгын хороо иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн авч үзэж, хэлэлцэн шийдвэрлэж байх тухай дотоод дүрмийг төслийг хэлэлцэн, холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв | ||
Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.