Шууд Chart

"Оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээ" лицензжүүлэлтийн шинэчлэл эхэллээ

2014-10-01 14:31:24

Дэлхий нийтэд ашиглагдаж байгаа гурван программ хангамж тутмын нэг нь хууль бус программ байгааг "Business Software Alliance" (Бизнес Софтвэйр Аллайнс) байгууллагаас судлаж гаргасан байдаг. Албан ёсны лицензгүй программ хангамжийн хэрэглээ нь нэг талаас байгууллагуудын мэдээллийн нууцлал хамгаалал, цахим аюулгүй байдалд өндөр эрсдэл дагуулж байдаг төдийгүй,  нөгөө талаас байгууллагын нийгмийн хариуцлагыг илтгэх хэмжигдэхүүн болсон байна.

Тэгвэл Монголын томоохон байгууллагууд, тэр дундаа мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт шинэчлэлийн тэргүүнд явдаг банкны салбараас оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээнд анхаарлаа хандуулж, шинэчлэлийг эхлүүллээ. Үүний эхлэл болгон Зөв банк уриатай ХасБанкнаас "Майкрософт" болон "Ай Ти Зон" компаниудтай хамтран “Open Value Licensing Program” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг төв байрандаа  өнөөдөр зохион байгууллаа.  “Microsoft Open Value” лицензийн хөтөлбөрийн хүрээнд ХасБанкны 1500 гаруй компьютер болон олон тооны серверүүдэд албан ёсны лиценз бүхий Windows 8, Microsoft Office 2013, Microsoft Share Point, MicrosoftExchange server зэрэг программуудтай болох юм байна.

Энэхүү гурван талт хэлэлцээрт ХасБанкны Ерөнхий захирал Д.Бат-Очир, "Майкрософт" компанийн Төв Азийн Бизнес хөгжил хариуцсан дарга Алексэй Трубинов болон "Ай Ти Зон" компанийн Ерөнхий захирал Н.Баттулга нар оролцлоо. “Microsoft Open Value” лицензийн хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлийг хэрэглэгчдэдээ санал болгож, программын шинэчлэл, апдэйт төдийгүй техник туслалцааг нэмэлт төлбөргүйгээр нийлүүлэн ажилладгаараа онцлог байна.

ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэдэг банк юм. ХасБанкны “Open Value” лицензийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр "Майкрософт" компанийн монгол дахь албан ёсны түнш "Ай Ти Зон" компани ажиллаж байгаа юм байна. Ийнхүү банк санхүүгийн салбараас эхлээд мэдээллийн технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, оюуны өмчийг дээдлэн албан ёсны лицензтэй программыг хэрэглэх хандлага нэвтэрч эхэллээ.


"Оюуны өмчийн ёс зүйтэй хэрэглээ" лицензжүүлэлтийн шинэчлэл эхэллээ  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй