Шууд Chart

Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв

2025-12-31 15:40:13

Монгол Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна.  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, ард түмний элч төлөөлөгч бид мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэй. Улсын тусгаар тогтнол, иргэний эдийн засгийн эрх чөлөөг бататгах чухал байна. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа... Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ. “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж байна. Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төсөл боловсруулна. Ард түмний 126 дарга биш, ард түмний 126 элч төлөөлөгч бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй хэмээн санууллаа.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд болон зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлснээр Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй