Шууд Chart

Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

2025-12-31 18:12:33

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.31) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2011 онд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд 2015 оны Зөрчлийн тухай хууль, 2022 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2023 оны Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон  2024 онд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэл хийгдээгүй юм байна. Иймд тасралтгүй хөгжиж буй зах зээлийн чиг хандлагад нийцүүлэн, олон улсын сайн туршлагад тулгуурлан гишүүдийн санхүүгийн хэрэгцээнээс гадна бусад нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц, хөдөө аж ахуйн орны мал аж ахуйн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээтэй санхүүгийн хоршоог хөгжүүлэх эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох хэрэгцээ шаардлага үүсээд байсан учраас уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байгаа хэмээн төсөл санаачлагчид тайлбарлав.  

Хадгаламж хамгаалах тогтолцоог нэвтрүүлснээр зах зээлд орох мөнгөний урсгал нэмэгдэх, гишүүдийн тоо өсөх, иргэдийн санхүүгийн хоршоонд, цаашлаад санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд эерэг нөлөөтэй учраас санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил тэргүүн ээлжид тавигдаж байгаа юм. Тухайлбал, Канад, АНУ, Герман, Япон, Солонгос, Польш, Литва улсуудад энэ төрлийн хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд хадгаламж хамгааллын тогтолцоог сүүлийн 10 жилд зүүн Европын дийлэнх улсууд нэвтрүүлжээ.

Манай улсын  хувьд санхүүгийн хоршоод хамгаалалтын нэгдүгээр давхаргын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого, удирдлагын дор төрд үүсэх дарамтгүйгээр салбарыг тогтвортой хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.   Одоо мөрдөгдөж буй Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд салбарын хамгаалалтын давхаргууд болох тогтворжуулалтын сан, хадгаламж хамгаалалтын тогтолцооны талаар тусгасан боловч хэрэгжээгүй. Учир нь тогтворжуулалтын санг удирдах байгууллага нь холбоо буюу төрийн бус байгууллага тул санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, хадгаламжийн даатгалын системийн эрх зүйн зохицуулалт нь зөвхөн банкин дахь мөнгөн хадгаламжийг даатгаж байгаа гэлээ.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн нэрийг Санхүүгийн хоршооны тухай хууль болгон өөрчилснөөр хадгаламж, зээлийн хоршооны талаарх иргэдийн дундах хоршооны талаарх муу төсөөлөл арилах, олон нийтийн итгэлийг төрүүлэх, гишүүдийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн олон төрлийн үйлчилгээг үзүүлэх, түүнчлэн салбарын хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөн хөгжиж, гадаадын хөнгөлөлттэй төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх, санхүүжилт авах боломжууд бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Мөн хууль батлагдсанаар санхүүгийн хоршооны үйл ажиллагааны цар хүрээ өргөжих, санхүүгийн шинэ үйлчилгээ бий болох, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, гишүүн төвтэй зохицуулалтын орчин бүрдэнэ. Санхүүгийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын цаашдын хөгжлийг дэмжсэн чухал арга хэмжээ болно гэж тооцоолжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй