Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны ойн санд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлсний нэг нотолгоо нь ой хээржих явц.
Шим тэжээлт нимгэн хөрс 140 гаруй зүйлийн мод, сөөгийг ус, чийг, төрөл бүрийн шим тэжээл, ялзмагаар тэжээдэг гэсэн судалгаа бий.
Тэгвэл ойн хөрс чийгээ алдвал юу болдог вэ.
Том навчтай, тод өнгийн, өндөр сүрлэг ургамлын ургалт зогсож, устаж эхэлдэг байна.
Энэ нь том навчтай ургамлыг бараадаж амьдардаг хорхой шавж, мэрэгчид, жижиг биетэй амьтдад хүртэл сөргөөр нөлөөлдөг гээд бод доо. Оронд нь борц мэт жижиг давжаа, цайвар өнгийн, нар салхинд тэсвэртэй хээрийн ургамлууд зонхилдог байна. Үүнийг мэргэжилтнүүд ой хээржих явц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ой мод багасаж, сийрэгжих тусам ойн ургамлын баялаг ертөнц тал хээрийн тачир өвсөөр солигдоно гэсэн үг. Нөгөө талаар, дархлаа нь муудсан хүнтэй зүйрлээд ойлгочихож ч болно.
Манай орны ойд дайсан их. Хөнөөлт шавж, түймэр, мал, уул уурхай, хууль бус мод бэлтгэл, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ой сийрэгжиж, хээрийн өвс ургамал түрж ургах явц буурахгүй, зогсолтгүй үргэлжилсээр байна. Хэнтийн нуруунд гарсан олон удаагийн түймрийн улмаас хээрийн алаг толгойт өвс шинэсэн ойд тархан ургах болсныг тогтоогоод байна. Энэ нь эргээд түймэрт өртөх, хортон шавжинд нэрвэгдэх эрсдэл болж байдаг юм.
Үндэсний ойн нэгдсэн тооллогоор Монгол орны түймэрт өртсөн ойн талбай дунджаар 20 хувийг эзэлж байгааг тогтоолоо.
Улсын хэмжээнд доройтолд орж, хээржих эрсдэлтэй ойн талбай 10 гаруй хувьд хүрчээ.
Тэр тусмаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ойн сангийн 40 хувь нь хүний үйл ажиллагаанд ямар нэг байдлаар өртөж, нөөц, сэргэн ургах явцад нь сөргөөр нөлөөлж байгааг салбарынхан анхааруулж байна.
| Хээржиж буй ой... | ||
| Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.