Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа.
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн автозамын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.
Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.
| ЗГ: Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо | ||
| Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.