Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өүтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Mining week” арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.
Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.
Тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.
Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр харилцан туршлага солилцох, аргачлал, стандартыг боловсруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцахын зэрэгцээ зарим бичил уурхай хэлбэрээр алт, жонш хууль бусаар олборлогч хувь хүн, хариуцлагагүй аж ахуйн нэгжийн уршигаар иргэд, олон нийтийн итгэлийг алдах, байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэх зэрэг зохисгүй үйлдлүүдтэй тэмцэх зорилгоор тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоёр улсын төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, холбогдох хариуцлага хүлээлгэхэд хамтран ажиллахыг Гуан Жи Өү сайдад санал болгов.
БНХАУ ашигт малтмал баяжуулах, боловсруулах чиглэлээр олон төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн сайн туршлагад тулгуурлан бага агуулгатай хүдэр (Au, Cu, Li, W, Zn, Fe, CaF2, Pb, Sn)-ийг баяжуулах хагас болон бүтэн үйлдвэрийн туршилт хийх хамтарсан лаборатори байгуулах, газрын тосны хайгуул хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналыг Байгалийн нөөцийн сайдад тавив гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

| Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцов | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.