Шууд Chart

Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв

2026-01-22 14:02:43

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яамны удирдлагууд уулзалт зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдааг хангах талаар санал солилцов.

Уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын мөнгөн хөрөнгийн дутагдал, санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын талаар мэдээлэл өгсөн юм. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий Монгол Улсын эрчим хүчний салбар нь эх үүсвэрийн дутагдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдалд орж буйг онцлон тэмдэглэв. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хамтарсан судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлогын шийдэл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов. Үүний хүрээнд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь чухал болохыг онцоллоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, салбарын хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх, томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийн шинэ механизм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй төслүүдийг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. 


Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй