Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Энэхүү томилолт нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.
Томилолтын хүрээнд Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар оролцож, Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн ирлээ. Тус арга хэмжээд Румын Улс, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор Улс, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Гренада Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсын элчин сайдууд биечлэн оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг илтгэв.
Уулзалтын үеэр Талуудын 17 дугаар бага (COP17)-ын бэлтгэл ажлын явц, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгч, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Ийнхүү 2026 онд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байх томоохон олон улсын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж эхэллээ. Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудлууд бодит ажил хэрэг болох суурь тавигдаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт COP17-г албан ёсоор танилцууллаа | ||
| Үзсэн: 196 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.