Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар ханган ажилладаг Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайдыг ажиллах үеэр Эрчим хүчний яамнаас дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзориг, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-аас Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, Ерөнхий диспетчер Б.Баатар, нэгжийн удирдлагууд болон тухай үед ээлжид гарч байсан системийн диспетчер инженерүүд хүлээн авч ажил байдлаа танилцууллаа.
Яг энэ цагт төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 1591 МВт байсан. Энэхүү хэрэглээний 35 хувийг (P=557 МВт) дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, 18 хувийг (P=297 МВт) Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 21 хувийг (P=326 МВт) бусад цахилгаан станцууд, 5.7 хувийг (P=90 МВт) нарны цахилгаан станцууд, 1.7 хувийг (P=27 МВт) салхин цахилгаан станцууд тус тус үйлдвэрлэж байлаа.
Энэ үед ОХУ-аас импортоор 278 МВт цахилгаан эрчим хүчийг авч байсан нь нийт хэрэглээний 18.5 хувийг хангаж байгаа талаар Ерөнхий диспетчер Б.Баатар онцлов.
Мөн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа эрчим хүчний системийн төлөв байдал, ойрын үед үүсээд байгаа нөхцөл, хүндрэл бэрхшээл, хяналт мэдээллийн системүүдийн онцлог, үйл ажиллагааны цахимжуулалт болон компанийн хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа танилцуулав.
Ерөнхий сайдын зүгээс эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг тогтмол ханган ажиллаж байгаа манай хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсээд цаашид хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө гэж Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас мэдээллээ.

| Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.