Шууд Chart

Цөлжилттэй тэмцэх инновацын шийдлүүдийг Монгол Улсад нутагшуулах боломжийг хэлэлцлээ

2026-01-24 15:23:31

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНХАУ-д хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Бээжин хотод байрлах Или группын үйл ажиллагаатай танилцаж, тус группын төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ван Вэньбяотой албан уулзалт хийлээ.

Или групп Хөвчийн цөлд 6,253 км² талбайд экосистемийг нөхөн сэргээж, ургамлын бүрхэвчийг 3 хувиас 65 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд бодит үр дүн болжээ. Тус компани дрон, роботжуулсан мод тарилт, ухаалаг усалгааны систем, ус хадгалах өндөр үр ашигтай үрийн технологи зэрэг орчин үеийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн байна.

Тухайлбал, “микро усан бууны арга”-аар өндөр даралттай усаар нүх гарган суулгацыг шууд суулгаж, усалгааг нэг дор шийдэх технологи нь 10 секундэд нэг мод тарих, амьдрах чадварыг 90–95 хувьд хүргэх боломж бүрдүүлжээ.

Мөн “салхины чиглэлд суурилсан дата аргачлал”-аар элсэн манхны салхины урсгал, байрлалд шинжилгээ хийж, манхны доод 2/3 хэсэгт мод, бут тарьснаар элсний хөдөлгөөнийг сааруулж, манхны өндрийг 60 гаруй хувиар бууруулсан бодит үр дүнг танилцууллаа. Үүний үр дүнд элсний нүүдэл 40 гаруй хувиар багасч, экосистемийн тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан байна.

Түүнчлэн “Мод-Бут-Өвс (1:8:1)” экосистемийн загвараар ургамлын харьцааг оновчтой тогтоож, элсний тогтворжилт, чийг хадгалалт, биологийн олон янз байдлыг зэрэг сайжруулсан урт хугацаанд тогтвортой шийдлийг танилцуулав.

Мөн тус групп цөлжилттэй тэмцэх ажлыг дижитал хяналт, ухаалаг удирдлагын системээр бодит цагийн дата дээр үндэслэн удирдаж, олон жилийн өөрчлөлтийг шат дараатайгаар хянах ажлыг хийж байгаа аж. Үүнийг нарны эрчим хүч, ногоон санхүүжилт, био болон органик үйлдвэрлэл, цэвэр нүүрс-химийн технологид суурилсан төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлж буй нь онцлог байв.

Уулзалтын үеэр Или группын төлөөлөгч “Хөвчийн цөлд хуримтлуулсан 37 жилийн туршлага бол нэг компанийн амжилт бус, бүс нутгийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Бид энэ туршлага, технологио Монгол Улсад нутагшуулах, хамтарсан бодит төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо.

Мөн албан уулзалтаар талууд Монгол Улсад цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, экосистем сэргээх, ногоон санхүүжилт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, туршлага солилцох хөтөлбөр бий болгох, олон улсын чуулган, үзэсгэлэнг хамтран зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.

Талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, COP17, инновацад суурилсан цөлжилттэй тэмцэх шийдлүүд, нуур, усны экосистем сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, бодит хамтарсан төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Түүнчлэн технологи дамжуулах, судалгаа–туршилтын төслүүд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломжтойг онцлов.

Төгсгөлд нь БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Или группийн туршлага, технологид суурилсан загвар нь Монгол Улсын нөхцөлд бодитоор хэрэгжих бүрэн боломжтойг онцолж, энэ онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хамтын ажиллагааг бодит түвшинд гүнзгийрүүлэх, туршлага солилцох, хамтарсан төслүүдийг олон улсын түвшинд танилцуулах боломжтойг илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Цөлжилттэй тэмцэх инновацын шийдлүүдийг Монгол Улсад нутагшуулах боломжийг хэлэлцлээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй