Шууд Chart

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлнэ

2026-01-26 13:33:45

 

Өнөөдрөөс “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэлж байна. Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээний нээлт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас Эдийн засаг, хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциаци зэрэг байгууллагатай хамтран оролцож байгаа юм.

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээг нээж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд олон талт бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн яриандаа уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг дурдсан юм. Сайд Г.Дамдиннямын танилцуулснаар,

Уул уурхайн салбар нь:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
  • Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байна.

Түүнчлэн манай салбар нь:

  • Экспортын нийт орлогын 95.4 хувь,
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь,
  • Нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг тус тус бүрдүүлж байгаа.

Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт аж. Энэ талаар сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын тухай хууль Засгийн газар, олон сайд нарын үед эцэслэж чадахгүй явж ирсэн.

Бид гол өөрчлөлтүүдээ барьж авна гэсэн зорилго тавьсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Сангийн сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр батлагдсан.

Энэ долоо хоногт олон нийтээс санал авна” гэсэн юм. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байна” гэдгийг онцлов.


УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлнэ  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй