О.Номинчимэг нарын Улсын Их Хурлын 74 гишүүнээс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдав.
Хуулийн төслийг иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор боловсруулсан талаар төсөл санаачлагчид танилцуулж байсан билээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахалж, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ өдрийн хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Б.Жаргалан, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар цахимаар оролцов. Мөн Монгол Улсад худалдаалагдаж байгаа импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллан хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулсан бөгөөд олон нийтээс ирүүлсэн саналуудын талаар хэлэлцлээ.
Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөл, салбарын олон улсын эрдэмтэн судлаач, шинжээч, орон нутгийн хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл сонсохоор тогтлоо.
| Импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж буй эсэх талаар санал солилцов | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.