Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас Монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.
Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зурж, ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Ө.Батбаяр нар оролцов.
Уг хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй техникийн туслалцааны төсөл хэрэгжих бөгөөд үүнээс АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA) 2.2 сая ам.доллар, “Викс групп” 390 мянган ам.долларыг хамтран санхүүжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ энэхүү хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, АНУ хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглэж, иргэний нисэхийн салбарт АНУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол, Америкийн стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн бодит илэрхийлэл гэдгийг онцлов.

| Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа | ||
| Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.