Шууд Chart

Олон улсын эпилепсийн өдөр тохиож байна

2026-02-10 12:28:53

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна.

Монгол Улсад эпилепси оноштой 1933 насанд хүрсэн иргэн, 0-18 насны 1140 хүүхэд байна гэсэн судалгаа бий. 

Эпилепси өвчин гэдэг нь хүний тархины эсүүдэд гэнэтийн хүчтэй эмгэг цахилгаан идэвхижил үүссэний улмаас ухаан алдалт, уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илрэх эмгэг юм. Эпилепси нь аль ч хүйс, насны хүмүүст тохиолдож болно. Эпилепси өвчний 40-50 хувьд тодорхой шалтгаан тогтоогдоогүй бөгөөд үлдсэн хувьд генетикийн бүтцийн, бодисын солилцооны, дархлааны, халдварын шалтгааны улмаас үүсдэг байна.

Зарим эпилепси хүүхэд насанд эхэлж, тодорхой нас өнгөрөхөд арилдаг, зарим нь нэг эмэнд үр дүнтэй уналт таталтгүй болдог бол зарим нь олон эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн эпилепси зэрэг янз бүрийн үр дүн, шинж тэмдэгтэй байдаг.

2026 онд Олон улсын эпилепсийн өдрийг “Жил бүр алхам алхмаар хамтдаа өөрчилье” уриан дор олон нийтэд мэдээ мэдээлэл өгөх, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэн тэмдэглэж байна.

Энэ жил эпилепсийн өдрөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв тархины цахилгаан бичлэгийн кабинет нээлтээ хийлээ. Тус кабинет нээгдсэнээр уналт таталттай, хүүхдэд эпилепсийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ахиц гарч байгаа юм.

Тус төвд эпилепсийн мэргэшсэн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээ, мэдрэл сэтгэцийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч нарын хамтарсан үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Олон улсын эпилепсийн өдөр тохиож байна   
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй