Шууд Chart

ЗГ: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна

2026-02-12 09:04:38

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ.

Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллага 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна. 

Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагад хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах үндэсний төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлагад төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв гэдэг бол халдварт болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндэсний систем юм. Бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг. CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвтэй болсноор,

-Эрсдэлийг эрт үе шатанд илрүүлж, тархалтыг хязгаарлах боломж нэмэгдэнэ.

-Шийдвэр гаргалт төвлөрч, шуурхай, нотолгоонд суурилна.

-Олон нийтэд хүрэх мэдээлэл нэгдсэн эх сурвалжтай болно.

CDC бол эрсдэлийг бууруулах, зардлыг урьдчилан хэмнэх, үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх 24/7 ажиллах стратегийн байгууллага юм" гэж ярилаа.


ЗГ: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй