Шууд Chart

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

2026-02-12 09:23:55

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээрбайгаа гэдгийг онцлов.

Уулзалтаар хоёр улсын академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийн дэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийнерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын ИхХурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй