Шууд Chart

Эдо цайзаас Эзэн хааны ордон хүртэл

2026-02-23 13:20:33

Япон Улсын нийслэл Токио хотын төвд өндөр барилга, орчин үеийн дэд бүтцээр хүрээлэгдсэн ногоон бүсэд Японы төрийн бэлгэ тэмдэг болсон Токиогийн Эзэн хааны ордон оршин байна. Энэхүү ордон нь Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны албан ёсны оршин суух газар бөгөөд улс орны түүх, төрт ёсны уламжлалын салшгүй хэсэг юм.

Одоогийн ордны байгаа энэ газарт 17 дугаар зуунд байгуулагдсан Эдо цайз байжээ. Тус цайзыг Японы нэрт жанжин, сёогүн Токугава Иэясү байгуулж, Эдог (одоогийн Токио) улс төрийн төв болгосон түүхтэй.

1868 оны Мэйжийн шинэчлэлийн дараа нийслэл Киото хотоос Токио руу шилжиж, хуучин Эдо цайзын суурин дээр Эзэн хааны ордон байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед ордны зарим барилга эвдэрч сүйдсэн ч хожим сэргээн босгож, өнөөгийн төрхөө олжээ.

Эзэн хааны ордон нь ойролцоогоор 1.15 км² талбайг хамарсан томоохон цогцолбор юм. Үүнд Эзэн хааны өргөө, төрийн ёслол, хүлээн авалтын танхимууд, хамгаалалтын чулуун хэрэм, усан шуудуу, цэцэрлэгт хүрээлэн
багтдаг.

Ордны дотоод хэсэг байнга нээлттэй байдаггүй ч Зүүн цэцэрлэг нь олон нийтэд нээлттэй. Харин жилд хоёр удаа буюу нэгдүгээр сарын 2-нд Шинэ жилийн  болон хоёрдугаар сарын 23-нд Эзэн хааны төрсөн өдөр иргэд ордны дотоод хашаанд нэвтрэн орж, Эзэн хааны гэр бүлийн мэндчилгээг сонсох боломжтой.

Өдгөө ордонд өнөөдөр 66 насны ойгоо тэмдэглэж байгаа Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито оршин суудаг. Эзэн хаан нь Японы Үндсэн хуулийн дагуу “төрийн болон ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлогддог бөгөөд ордон нь энэхүү бэлгэдлийн төв цэг юм.

Токиогийн Эзэн хааны ордон нь Японы түүх, соёл, төрт ёсны уламжлал, орчин үеийн хотжилтын хослол болсон онцгой дурсгалт газар хэвээр байна.


Эдо цайзаас Эзэн хааны ордон хүртэл  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй