Шууд Chart

Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно

2026-03-04 09:34:28

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн Өвөрхангай аймагт хийж буй ажлын томилолт үргэлжилж байна.

Ажлын хүрээнд салбарын эмч, сувилагч, ажилтнуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, тус аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Монгол орны хаана амьдрахаас үл хамааран иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломжтой байх дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх бодлого юм.

Энэхүү бодлого нь сум, аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах, орчин үеийн менежментийг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх замаар хэрэгжинэ. Ингэснээр аврах боломжтой амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Ялангуяа харвалт, шигдээс, осол гэмтлийн үед цаг алдалгүй, чанартай тусламж үзүүлж чадвал жил бүр дээрх гурван шалтгааны улмаас амь насаа алдаж буй 18 мянган хүний гуравны нэгийг аврах боломжтой” гэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгийг хамарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Өвөрхангай аймагт 300 ортой жишиг Нэгдсэн эмнэлгийг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байгааг мөн онцоллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй