Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улс даяар хэрэгжих төслийн хүрээнд барьж байгуулах бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана. Төсөл 2026–2028 онд хэрэгжихээр төлөвлөөд байна.
Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэхээр батлагдсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн эмч, ажилтнуудтай уулзах үеэрээ хэлэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Ингэснээр сэргийлж болох нас баралт, харвалт, шигдээс, гэмтэл болон яаралтай түргэн тусламжийг дараагийн шатанд гаргах юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ бодлогыг хариуцлагатай хүлээн авч, хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь чухал” гэдгийг онцлов.
Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эхний гуравт орсоор байгаа тул энэхүү төслийн үр дүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэх юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс өнөөдөр Говь-Алтай аймагт дөрвөн удаагийн уулзалт, ярилцлага хийж, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулан салбарынхан болон ахмадуудын санал хүсэлтийг сонссоноор өндөрлөв.
| Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулна | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.