Шууд Chart

Ховд аймаг жилийн нийт төсвийнхөө 10 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах зорилт тавьжээ

2026-03-07 17:13:53

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны төлөөлөгчдийн орон нутгийн томилолт 12 дахь аймагтаа үргэлжилж, өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. 

Ховд аймаг нийт 92,417 хүн амтай. Үүний 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй.

0–5 насны 12,400 хүүхэд буюу нийт хүн амын 13.7 хувийг эзэлж байна. Мөн 2,715 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 749 жирэмсэн эх бүртгэгджээ. Аймгийн хүн амын дундаж наслалт 71.77 жил байна.

Салбарын мэргэжилтнүүдийн танилцуулснаар Ховд аймагт нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтэл болон гадны шалтгаант нас баралт, амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин багтсаар байна.

Эдгээр шалтгаант нас баралт нь амьдралын хэв маяг, архаг өвчний эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалттай шууд холбоотой. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Баруун бүсийн томоохон төвийн нэг болох Ховд аймагт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, хүний нөөц, урьдчилан сэргийлэх үйлчилгээ-г шат дараатай сайжруулах бодлого хэрэгжиж байна. Үүний хүрээнд иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буйг аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн ангиографийн аппарат суурилуулж ашиглалтад оруулсан бөгөөд удахгүй MRI ашиглалтад оруулж орон нутгийн иргэдэд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж байгаагаа мэдээлэв.

Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж, урсгал зардлыг шийдвэрлэдэг сайн жишиг тогтсонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн талархал илэрхийллээ. Орон нутгууд эрүүл мэндийн байгууллагуудаа дэмжих зорилгоор жил бүр 100–200 сая төгрөгийг цахилгаан, дулаан зэрэг урсгал зардалд зориулан төсөвлөдөг байна.

Мөн Ховд аймаг орон нутгийн төсвийнхөө 10 хувийг хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа аймгийн удирдлагууд энэ үеэр сайдад танилцууллаа.

Сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хүний нөөцийн дэмжлэгийг нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлж, энэхүү туршлагыг бусад орон нутгийн удирдлагуудад сайн жишээ болгон түгээн ажиллахаа мэдэгдэв.

Мөн Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх хоёр жилд 8 сая долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хийж Бүсийн оношилгоо эмчилгээний өргөтгөлийг барьж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа хэлж уулзалт өндөрлөв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс маргааш Увс аймагт ажиллах юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ховд аймаг жилийн нийт төсвийнхөө 10 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах зорилт тавьжээ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй