Шууд Chart

Гэр бүлийг салгаж ч чадах 10 үг

2013-08-01 16:14:38

Яагаад гэр бүлийн амьдрал тэсэшгүй муухай болдог вэ? Хамтран амьдрагч, гэр бүлийнхээ хүнийг галзуурахад ганц хуруу дутуу байдалд хүргэхийн тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ямар үг хэллэг хэрэглэдэг вэ? Эдгээр болон бусад асуултанд мэргэжлийн сэтгэл зүйчид хариулж байна.

Үг хэллэг дангаараа гэр бүлийн харилцааг нураадаггүй нь хэнд ч ойлгомжтой. Гагцхүү бидний зан байдал, хандлага үгээр илрэхдээ хамтын амьдралыг хурцадмал, заримдаа бүр тэвчихийн аргагүй там болгон хувиргадаг. Гэхдээ үг аливаа харилцааг нурааж чадахуйц хүчийг өөртөө агуулж байдгийг санаж байх хэрэгтэй.

Хайртай хүмүүсийн дотно харилцааг сэвтүүлж, үгүй хийх "увдис"-тай үгсийг тодруулахаар мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийн дунд тусгай судалгаа хийсэн юм. Ингэхэд зүү орох зайгүй хосын хооронд ангал үүсгэх чадалтай хэдэн үг хэллэг байдгийг илрүүлсэн байна.

1. Хамтран амьдрагчаа (гэр бүлийн хүнээ) буруутгаж, ялласан үг хэллэг.
"Чи гэртээ орж ирэхдээ гутлаа арчиж ерөөсөө сурахгүй юм аа", "Чи дахиад л ажилдаа хоцорч байна шүү дээ", "Чи замаараа хоол унд аваад ирж чадахгүй л байна уу?" гэх мэт. Шүүмжлэл хоёр янз байдаг. Нэг л дутагдлыг засч залруулах, бурууг нь ойлгуулж ухамсарлуулахад чиглэгдсэн бүтээлч шүүмжлэл. Гэтэл дээрх хэллэг нь зэмлэж яллах зорилготой болох нь харагдаж байна. Ингэж хэлж байгаа хүний ганц зорилго нь хамтран амьдрагчдаа ял үүрүүлэх явдал бөгөөд энэ санаархал нь "ерөөсөө", "дахиад л", "чадахгүй л байна уу" зэрэг үгнээс мэдрэгдэж байгаа юм.

2. Хамтран амьдрагчаа ичиж зовооход чиглэгдсэн үг хэллэг.
"Чи яаж ингэж чадав аа?!", "Хамгийн өөдгүй (арчаагүй, мангар) хүн л ингэдэг юм ш дээ" гэх мэт. Иймэрхүү маягаар бусдыг буруушааж байгаа хүн цаад хүнээсээ: "Нээрээ л би ёстой арчаагүй амьтан юм аа", "Би яасан өөдгүй эр (эмэгтэй) вэ", "Надаас илүү сайхан хүнтэй чи амьдрах ёстой" гэсэн хариулт сонсохыг хүсч байдаг.

3. Үндэс язгуураар нь доромжилсон үг хэллэг.
"Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш гэдэг дээ", "Булганыхан бульхайтай, будаан дээрээ зодоонтой гэдэг ч ёстой ортой юм" гэх зэрэг хэллэг тэр үндэс, нутгийн ямар ч хүнийг эмзэглүүлдэг.

4. Угсаа гарлаар нь доромжилсон үг хэллэг.
"Танайхан удам судраараа өөдгүй улс ш дээ", "Чи ээж шигээ үглээ юм", "Чи аавыгаа дуурайсан заяагүй амьтан" гэх нь мөд мартагдахгүй (хэрэв хэзээ нэг цагт мартаж болох л юм бол) доромжлол болдог.

5. Эр (эмэгтэй) хүний эрхэм чанарыг доромжилсон үг хэллэг.
"Чи наад бие галбираа хараач ээ, чамаас хүн амьтан айж үргэхээр болж", "Авгайгаа тэжээж чадахгүй арчаагүй амьтан, эр хүн ч гэж дээ" зэрэг үг хэллэг хүний ханийн сэтгэлийг унтраадаг.

6. Хамтран амьдрагчийнхаа сул тал, эмзэг чанарыг онцолсон үг хэллэг.
"Чи ер нь манайд байгаагаа мэдэх үү? Энэ байрыг чинь манай аав, ээж авч өгсөн юм. Чи өөрөө байртай болчихоод л онгирч бай", "Чи цамц ч хүн шиг индүүдчихэж чадахгүй юм аа" зэрэг зэмлэл сонссон хүн сэтгэлийнхээ голд ортол гомддогийг та мэдэх үү?

7. Хамтран амьдрагчийнхаа дотоод амьдралыг тайлбарласан, дүрсэлсэн үг хэллэг.
"Чи дандаа л хар амиа хичээж байх юм", "Чи намайг санаатай гомдоодог" гэх мэт. Ялангуяа ийм санаагүй, бодолгүй хүнд иймэрхүү үг тун эмзэг тусдаг байна.

8. Хамтран амьдрагчийнхаа хэрэгцээ, шаардлагыг хангах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн үг хэллэг.
Хүний хэрэгцээ, шаардлага хязгааргүй. Хүсэхэд хясах хэчнээн бэрхийг хүн бүр мэдэх байх. "Энэ бүхний дараа би чамтай сексдэх болж байна уу?", "Би чамтай учраа ололцмооргүй байна", "Чи тэр сайхан хүнээрээ хоолоо хийлгэ" гэх нь ямар ч хүнд таалагддаггүй.

9. Хамтран амьдрагчийнхаа үнэ цэнийг үгүйсгэсэн үг хэллэг.
Ганц хүн гал болохгүй гэдэг. Тэгвэл "Чамгүй бол би энэнээс илүү сайхан амьдарна", "Чамайг би өрөвдсөндөө л гэрлэсэн юм ш дээ", "Чи миний сайхан амьдралд саад болж байна" гэж үглэх нь ганцаараа үлдэхийн цондон болно.

10. Хамтран амьдрагчаа үл тоомсорлосон үг хэллэг.
"Чам шиг юмтай ярихыг ч хүсэхгүй байна", "Чамайг хармааргүй байна", "Чиний юу гэж бодох надад ер падгүй" гэх зэрэг хэллэг хос хоёрын хооронд үүссэн ангал улам гүн, улам өргөн болж байгааг гэрчилнэ.


Гэр бүлийг салгаж ч чадах 10 үг  
Үзсэн: 2923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-03 00:56
chalko

Бидэнтэй нэгдээрэй