Шууд Chart

Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ

2026-05-11 15:29:19

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын, итгэлт түншүүдийн нэг болохыг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үүсгэн байгуулагч орны нэг Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа онцлов.

Мөн Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээр байгааг Ерөнхий сайд онцолж, уг төслийг Францын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг энэ оны зургаадугаар сард багтаан авч, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байгааг хэллээ.

Элчин сайд Коринн Пэрера хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Францын тал өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол, Францын хөгжлийн агентлагийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилга, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөл, цөлжилтийн эсрэг цогц төсөл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.


Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй