Шууд Chart

Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ

2026-06-05 07:33:08

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын зургаан гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа. Манай улс 2015 оноос хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг хуульчилсан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийн этгээдийн онцлогт тохирсон зохицуулалт бүрэн тусгагдаагүй гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Иймд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл, хугацаа, журмыг тодорхой болгохоор төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, хугацаа, олон улсын жишиг, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг мэргэжлийн байгууллагуудаас авсан санал, тэдгээрийг төсөлд хэрхэн тусгасан талаар асууж, хариулт авлаа.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжив.

Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй