Шууд Chart

Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

2026-06-12 13:57:20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд бүтэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төслийн тодорхой үе шатуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Олон улсын санхүүгийн корпораци нь олон улсад 30 жилийн хугацаанд 170 гаруй төсөлд хувийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, 200 гаруй сая хүн төслийн үр ашгийг хүртээд байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон хэмжээний дэд бүтэц, эрчим хүч, хотын тээвэр, ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, эрүүл мэнд, санхүүгийн салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтын олон талт боломжуудыг ашиглан богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тархмал дулааны эх үүсвэр, Лаг шатаах үйлдвэр, Трамвай, Нэг, Хоёрдугаар тойрог зам, Туул усан цогцолбор, Шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг төслийн зөвлөх үйлчилгээнд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Матью Лө Блан нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн төслүүдийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн оролцооны бусад хэлбэрийг ашиглан хувийн хэвшлийг татан оролцуулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.


Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй