
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Халамж үйлчилгээний хэлтэс хамтарч, Дархан сумын 1-3 багийн зорилтот бүлгийн өрхүүд болон өрхийн гишүүдийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамрууллаа.
Энэ нь орон даяар хэрэгжиж байгаа “Өрхийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд хийж байгаа нэг ажил юм. Тус аймагт 560 гаруй өрхийг “Өрхийн орлогын судалгаа”-ны үндсэн дээр амжиргааны төвшин доогуур гэсэн ангилалд хамааруулдаг байна. Энэ удаа зорилтот бүлгийн 80 өрхийн 187 гишүүнд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийжээ. Дараагийн ээлжинд тус сумын 4-8-р багийн зорилтот бүлгийн гишүүдэд ийм үйлчилгээ үзүүлэх юм байна.
Дархан-Уул аймгийн Дархан сум нь анх хот байсан учир хүн амын төвлөрөл ихтэй, түүнчлэн шилжин ирэгсэд нэмэгдэж иргэдийн газар өмчлөх хэрэгцээ эрс өсөж байгаа юм. Тиймээс иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ бага байна. Харин энэ удаа аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас Дархан сумын шинээр газар хүссэн иргэдэд Орхон сумын нутагт газар олгох шийдвэр гаргажээ. Дархан хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэдэд шинээр олгох газрыг өнгөрсөн жилээс эхлэн Дархан сумын Малчин багийн нутаг Хөтөл хороололд олгож эхэлсэн байна. Тус хороолол улам өргөжиж, Орхон сумын нутаг залгах “Дархан хаалга”-д хүрсэн учир дээрх шийдвэрийг гаргасан байна гэж “Хурд” агентлагийн сурвалжлагч Дархан-Уул аймгаас мэдээллээ.
Зорилтот бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамрууллаа | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.