Шууд Chart

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2014-10-16 11:56:34

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 12 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр тусгажээ. Иймээс хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөлд үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын засварууд хийсэн байна.
 
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй нэг санал гарсныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.
 
Харин тус байнгын хорооны хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль тогтоолын төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх санал гаргасан юм. Ингээд Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
 
Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй