Шууд Chart

Ш. Анхтуяа: Эрдэнэцогт “МЭДЭЭЛНЭ” гэсэн дайчин цогтой үг үргэлжилнэ гэдэгт итгэж байна

2013-08-05 13:53:01

Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн орон зайгаа эзэлсэн сэтгүүлчдийн нэг Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчнөөр өвдөөд байгаа билээ. Үзэг нэгт нөхөд, анд найзууд нь түүний эмчилгээнд зориулсан “Эрдэнэцогт мэдээлнэ...” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа.

 
Энэхүү тоглолтыг зохион байгуулагчдын нэг нь Ш.Анхтуяа юм. Түүнтэй үе тэнгийнхний тухай, найз Б.Эрдэнэцогтынх нь талаар ярилцлаа.
 
 
-Оюутан цагийн дурсамжаас чинь яриагаа эхлэх үү. Ер нь өөрөө хэр сайн оюутан байв даа? 
 
-Шүлэг бичих дуртай. Үсээ задгай тавьсан л охин байсан даа. Би Утга зохиолын дээд сургуулийг төгссөн шүү дээ. Миний үеийн оюутнууд өнөөдөр Монголын утга зохиол хийгээд сэтгүүл зүйд өөрийн гэсэн байр сууриа олчихсон сайн сайхан явж байна. Ер нь би шүлгээр хүнтэй танилцаж, шүлгээр сэтгэлээ сүлсэн олон сайхан найз нөхөдтэй хүн.
 
 
-Танай үеийнхний сэтгэлийг тодорхойлбол?
 
-Уран бүтээлийн гэгээн замд нөхөрлөсөн нөхдийн минь хийж бүтээхийн их тэмүүлэл зүгээр суухын аргагүйгээр сэтгэл гижигдээд, уран бүтээлийг өөрийн эрхгүй миний сэтгэлээс төрүүлдэг. 1990-ээд оны сүүл 2000 оны эхээр уран бүтээлээ ид туурвиж эхэлсэн нэгэн үеийнхэн бол манай үеийнхэн юм.
 
Тиймээс манай үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг байгуулж, хамтдаа олон сайхан ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Зөвхөн уран бүтээл биш бидний үеийнхэн бүх л насаараа хамт байж, сэтгэл зүрхээрээ нэгэн хүн мэт амьдрах тийм л хүмүүс юм шиг надад санагддаг. Манай үеийнхний сэтгэл сэмжин үүл хөвсөлзсөн тэнгэр шиг шүү. 
 
 
-Өөрөө хэр мөрөөдөмтгий вэ? Нас насны мөрөөдөл өөр байдаг гэлцдэг дээ? 
 
-Ер нь мөрөөдөмтгий шүү. Хүүхэд насны мөрөөдөл гэнэн цагаахан атлаа хүршгүй алсад юм шиг санагддаг байж. нас насны мөрөөдөл өөр байдаг нь үнэн ч гэлээ би одоо ч бас хүршгүй холыг мөрөөдөж сууна. Мөрөөдлийн өнгө ч мэдээж өөрчлөгдсөн. Хүршгүй хол тусмаа мөрөөдөл амттай байдаг байх. Тэр хэрээр ч хийж бүтээх зүйл асар их байна. 
 
 
-Одоогийн залуус та нар шиг ингээд хамтраад, нэгдээд хөдлөх нь ховор болсон шиг санагддаг. Ялангуяа утга зохиолынхон өөр хоорондоо бие биенээ хардаж сэрдсэн, хорон үг чулуудалцсан байдалтай байх болсон юм шиг ажиглагддаг. Харин энэ бүхнийг сэтлээд та нар сэтгэлээ нэгтгэж байгаа нь бахархмаар хэрэг. Тус тусдаа бүтээлээ гаргаад, тусын мөрөө хөөгөөд ирсэн хүмүүс нэгдэхэд үл ойлголцох явдал гарах юм уу? 
 
-Бүгд хийж бүтээхийн сэтгэлээр нэгдсэн болохоор эхлүүлсэн үйлсийн эцсийг үзэхээр нэгэн сэтгэлээр л зүтгэж байна. Нэгдмэл сэтгэлтэй байна гэдэг бага зэргийн зөрөлдөөнөөс гарах гарцыг ямагт олж байдаг нь гайхмаар.
 
Ер нь Монголын утга зохиол гэх нэг тогоонд хамтдаа буцалж байгаа хойно бие биеэ хардаж сэрдсэн, хагарч бутарсан байдалтай байна гэдэг утгагүй зүйл гэдгийг манай үеийнхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
 
Тийм ч учраас бид “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээ байгуулахдаа МЗЭ-ээ дэмжин ажилласан, Монголын уран зохиолын үе үеийнхний эвийг сахисан нэгдэл байлгахыг зорьсон. Хэрвээ Монголын утга зохиолынхон тарж бутраад байгаа бол тэдгээрийг нэгтгэх эвийн цавуу нь бид байхсан гэж хүсч байгаа юм. 
 
 
-Саяхан л хонгор шар охин үсээ намируулан шүлэглэж явдаг байлаа. Харин одоо ээж болж, ид жагссан насан дээрээ ирсэн эмэгтэй хүний нүдээр өнгөрснөө эргэж нэг харвал тэр хонгор шаргалхан үст охиныг голох, өрөвдөх үе байх юм уу?
 
 -Залуу нас гэдэг алдаатай байсан ч сайхан байдаг. Тийм болохоор үсээ намируулсан хонгорхон насандаа би одоо ч хайртай. Зарим зүйл дээр алдаа болоод арай ч дээ гэмээр зүйл харагддаг ч тэгтлээ голж, буруутгаж чаддаггүй юм. Гэхдээ цаг хугацаа харвасан сум шиг гэдгийг бодолгүй дэндүү хэнэггүй яваа юу даа гэж хааяа хааяа бодогддог юм. 
 
 
-Туяхан хус шиг охид нэг л өдөр ухаан суусан ээж болж бүхнийг шинээр хардгийн нэг жишээ энэ л байх даа. Ингэхэд яруу найрагчдыг дурлалгүйгээр төсөөлөх аргагүй.  Өөрөө хэр дурламтгай вэ?
 
 -Ер нь дурламтгай шүү. Өдөр бүхэн дурла гэсэн үг байдаг даа. Тэгэхээр дурлах залуу нас минь дуусчихаагүй байгаа болохоор сайхан бүхэнд дурлаж, тэр сэтгэлээрээ өөрийгөө хөглөж явах дуртай.
 
Тэгээд ч Омар Хайям “Дуулим энэ орчлонд богинохон амьдрах тавилантай Дурлал дарс хоёргүй насыг элээвэл нүгэлтэй” гээд биччихсэн шүү дээ. Хаврын салхинд хормой дэрвүүлээд хачин гоёмсгоор өөртөө дурлаад алхах ч бас сайхан шүү дээ. 
 
 
-Нэгэн үеийн андууд нэг найзынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байна. Одоогоор сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал хэр байгаа вэ? 
 
-Биеийн байдал нь одоогоор харьцангуй гайгүй байгаа. Элэг шилжүүлэн суулгахын өмнөх эмчилгээг маш сайн хийх ёстой. Тиймээс нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээг хийлгэж байгаа. 
 
 
-Саяхан Энэтхэгээс элэгний эмч ирж үзээд явсан гэсэн. Ер нь эмчлэгдэх боломжтой гэсэн үү? 
 
-Энэтхэгийн топ эмнэлэг болох “BLK Hospital” эмнэлгийн профессор Неги саяхан Монголд ирсэн нь бидний хувьд их азтай явдал болсон гэж болно. Бид тэр хүнд найзыгаа үзүүлсэн. Тэр эмч Цогтоог маань үзээд элэг шилжүүлэн суулгах бүрэн боломжтой. Тиймээс 2-3 долоо хоног маш сайн эмчилгээ хийлгэчих.
 
Үүний дараа бид эмнэлэгтээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж өгье. Түүнийг эмчлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэсэн. Ийм сайхан мэдээ сонссон бид одоо найзынхаа эмчилгээний зардлыг сайхан сэтгэлтэй олны дэмээр босгоно гээд л зүтгэж байна даа. 
 
 
-Та бүхэн эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тоглолтонд ямар ямар уран бүтээлчид оролцох вэ? 
 
-Энэ сарын 09-нд Улаанбаатар паласын концертын их танхимд “Эрдэнэцогт мэдээлнэ...” гэсэн нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтод МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Ч.Бат- Эрдэнэ, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Элкондорын Цогоо, дуучин Б.Цэрэндагва, “Увертюра”, “Гурван бүдүүн” хамтлагууд, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид, дуучин Э.Төрмандах гээд олон дуучид, уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөж оролцохоор болсон. Мөн “Болор цом”-ын эзэд оролцоно. 
 
 
-Ер нь эмчилгээнийх нь зардал хэдий хэр мөнгө шаардлагатай вэ. Одоогийн байдлаар хэд орчим хувь нь цугларч байна?
 
-Сая ирээд явсан. Нэг профессорын эмнэлэгт 43 мянган ам.долларт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж өгөх боломжтой гэсэн. Хөнгөлөлт үзүүлээд шүү дээ. Энэ нь монгол төгрөгөөр 60 гаруй сая төгрөг болж байгаа юм. Сайхан сэтгэлтэй олон түмэн хандив тусламжаа өргөж л байна.
 
Мөн одоо хандив тусламж өгөхөө амласан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн тусламж хандивын дансанд ороод ирвэл ямар ч байсан эмчилгээний зардлын 20 гаруй хувь нь босоод байгаа байх гэж бодож байна.
 
Одоогоор яг төдөн хувь нь гэж хэлэх боломжгүй байна. Төгсгөлд нь хэлэхэд “Эрдэнэцогт мэдээлнэ” гэсэн энэ дайчин, цогтой үг үргэлжилнэ гэдэгт бид итгэл дүүрэн байгаа.
 
 
 
unen.mn
 

Ш. Анхтуяа: Эрдэнэцогт “МЭДЭЭЛНЭ” гэсэн дайчин цогтой үг үргэлжилнэ гэдэгт итгэж байна  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй