Шууд Chart

Х.Золжаргал: Монголын хоёр компани Орос руу мах экспортлохоор болсон

2014-11-13 16:31:34

Манай улсын махны экспорт болон дотоод зах зээл дэх нийлүүлэлтийн талаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай ярилцлаа.

-ОХУ-д 10 мянган тонн мах экспортолно гэж ярьж байсан. Гэтэл ОХУ хорио цээр тавьчихлаа. Яагаад ийм шийдвэр гаргачихав?
-Мах, махан бүтээгдэхүүн аль ч улсын хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал байдаг. Иймээс улс бүр өөр өөрийн стандарттай. Мах импортлох орон өөрийн улсын малын эмч, ариун цэврийн байцаагч нараа томилж мах нийлүүлэх орны стандарт өөрийн улсынхтай нь тохирч байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Тухайлбал, ОХУ-д мах экспортлох хүсэлтэй компаниудыг тус улсын хяналтын байгууллагаас ирж шалгасан. Хэрэв БНХАУ руу гаргана гэвэл тус улсаас хяналтын байцаагч нар ирж үнэлгээ хийдэг. Энэ журмаар ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон албан хаагчид ирж манай 12 үйлдвэрийг шалгасан. Шалгалтын дүнд Эрдэнэт хотод байрлах “Эрдмийт”, “Преком” хэмээх хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олголоо. Харин “Мах маркет” болон Дорноговь аймаг дахь “Саян уул” компаниас мах авахаас татгалзсан. Учир нь эдгээр үйлдвэрүүд шүлхий гарсан бүс нутагт байрлаж байгаа юм. Түүнчлэн найман үйлдвэрт Оросууд “гэрийн даалгавар” өгсөн байсан. Энэ нь үйлдвэрийг өнгөрсөн жил ирж шалгасан гэсэн үг. Гэтэл өмнөх жил нь авсан үүрэг даалгавраа үйлдвэрүүд биелүүлээгүй байснаас асуудал үүссэн.

-Ямар үүрэг даалгавар өгсөн юм бэ. Тэр нь биелүүлэхэд тийм хэцүү зүйл байсан хэрэг үү?
-ОХУ-ын Мал эмнэлгийн ариун цэврийн норм, нормативыг биелүүлэхийг хүссэн. Манай үйлдвэрүүдийн мал нядлах шугамыг оросууд хүлээн зөвшөөрч байгаа. Харин үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ сандал, вакумдаж боох баглаа боодлоо сайжруул гэдэг шаардлага тавьсан юм. Товчхондоо, манай үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангаж байна. Харин төхөөрсний дараа махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулчихаад зөвшөөрлөө ав гэдэг шаардлага тавьсан.

-ОХУ-аас өөр улсад мах экспортлож байгаа юу?
-Бид Япон улстай дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ хийсэн. Мөн БНХАУ, Вьетнам, Кувейт улсад мах экспортлож байгаа. Энэ оны хоёрдугаар улиралд 14 компанид 12 мянга 300 тонн мах экспортлох зөвшөөрөл олгосон. Харин энэ улиралд 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирээд байна.     

-Махны экспортод квот тогтоож байхаар чөлөөлчихөж болдоггүй юм уу?
-Хүнсний тухай хууль 2013 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Үүнээс өмнө мах экспортлох нь чөлөөтэй бизнес байсан. ҮХААЯ 2014 оноос квот олгож эхэлсэн. Квот олгож эхэлсэн нь сайн, муу хоёр талтай. Өмнө нь Хятад худалдаачид маш их хэмжээний адуу, хонь, ямааны махыг шулаад гаргачихдаг байсан. Энэ нь ялангуяа хаврын тарчиг үед нийслэлийн махны үнэд нөлөөлдөг болсон. Мах ховор байх нь хомсдол үүсгэдэг. Ингэснээр үнэ өсдөг. Үүний эсрэг төр ямар нэгэн арга хэмжээ авах бололцоогүй байлаа. Харин одоо үүнийг хазаарлаж, зохицуулж чаддаг болсноороо квот тогтоох нь сайн талтай. Муу тал нь зөвшөөрөл авахаар заавал ҮХААЯ дээр ирэх болдог. Манай яам өгөх ёстой квотын хэмжээгээ Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж тогтоолгодог журамтай. Харин яамны ажилтнуудаас шалтгаалсан хүнд суртал энд байхгүй. 

-Хэрэглэгчид 60 гаруй сая толгой малтай, 2.7 сая хүнтэй хэр нь дотоодынхоо хэрэгцээг хямд үнэтэй махаар хангаж чадахгүй байж юун экспорт яриад байна вэ гэж шүүмжилдэг?
-Манай улс мал ихтэй ч махны нийлүүлэлт улирлын шинж чанартай. Хаврын тарчиг цагт төхөөрөх мал байдаггүй. Тиймээс намар  махны үнэ хямдарч, хавар 2-3 дахин өсдөг байсан. Бид хавар махны үнийн өсөлтийг хэт өндөр биш байхаар зохицуулж, нөөцийн мах бүрдүүлж байгаа. Нийлүүлэлт их байж чадвал үнэ буурна. Гэхдээ өртгөөсөө хямд байж болохгүй. Тиймээс нөөцийн 1 кг үхрийн мах хамгийн хямд нь 5900 төгрөг байдаг. Харин сүүлчийн хоёр жилд кг үхрийн махны хамгийн дээд ханш 12 мянган төгрөг байна.

-Нөөцийн мах бэлтгэх компаниудыг шалгаруулж дууссан уу?
-Өчигдөр энэ ажил дууслаа. Тиймээс нөөцийн мах бэлтгэх ажил эхэлж байна гэж ойлгож болно. Дархан хотод “Дархан мийт”, Эрдэнэтэд “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн, нийслэлд 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ. Нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлэх нөөцийн махыг тус бүр 3000 тонноор нь “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд багцлан бэлтгэхээр боллоо.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Х.Золжаргал: Монголын хоёр компани Орос руу мах экспортлохоор болсон  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй