Шууд Chart

Монголын Залуучуудын Холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана

2015-01-30 11:39:47

2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын талтай хамтран ажиллах боломж, саналуудыг танилцуулж,  Монгол-Хятадын Засгийн Газрын  хоорондын залуучууд солилцооны цаашдын хөтөлбөрт илүү идэвх санаачлагатай ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 2014 онд Хятадын дарга Ши Жин Пинь Монгол Улсад айлчлах үеэрээ Хятадад айлчлах Монголын залуучуудын  тоог 500 хүртэл нэмэгдүүлж, залуучуудыг хөтөлбөрийг дэмжин  ажиллахаа мэдэгдсэн юм.

2014 онд Хятадаас ирсэн 60 залууг МЗХ-оос  ГХЯ-тай хамтран хүлээн авч айлчлуулсан бол 2015 онд Монголоос 100 залуу Хятад Улс руу айлчлах юм. Жан Иши даргын зүгээс Хятадын залуучуудыг хүлээн авах арга хэмжээний үеэр МЗХ-ны идэвх зүтгэл, оролцоог Хятадын ЭСЯ-ны зүгээс ихээхэн сайшаасныг дамжууллаа.

Уулзалтын үеэр ирэх тавдугаар сарын 18-21 өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн Залуучуудын Чуулганы үеэр болох Залуу Бизнес эрхлэгчдийн уулзалтанд Хятадын залуу бизнесменүүдийг оролцуулах, Монголд сурч байгаа Хятад залуучуудыг сайн дурын ажилтнаар бүртгэх, ажиллуулах боломжтой гэдэг дээр уулзалтанд оролцогчид санал нийллээ.

Мөн 2015 оны онцлох үйл явдлын нэг нь Чөлөөлөх Дайны 70 жилийн ой тохиож байгаа  явдал. Өнгөрсөн жил Халх голын Ялалтын 75 жилийн ойн хүрээнд МЗХ-ны зүгээс Монгол Улсын БХЯ, Оросын талтай хамтран “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол-Оросын залуучуудын хамтарсан дөрөв дэх удаагийн тойрон аяллыг амжилттай зохион байгуулсан. Энэ  үеэр  ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ тойрон аяллын залуучуудтай уулзаж, энэхүү арга хэмжээг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.  Энэ жил тойрон аяллын багийнхан маршрутаа тэлэхийн зэрэгцээ БНХАУ-ын залуучуудыг аялалдаа хамруулахыг зорьж байна.

Японы милитаризмаас чөлөөлөгдсөн  Хятадын Ялалтын баярыг тэмдэглэх зорилгоор цэргийн парадыг Бээжин хотноо есдүгээр сарын эхээр зохион байгуулах тухай Хятадын хэвлэлийнхэн мэдээлж байгаа. МЗХ-ны зүгээс ЭСЯ-нд хандан тус арга хэмжээнд Орос-Монголын залуучуудыг хамруулах, Хятад залуучуудтай уулзах боломж олгохыг Хятадын Засгийн Газарт уламжилж өгөхийг хүслээ.

 Жан Иши даргын зүгээс энэхүү саналыг ихээхэн олзуурхан хүлээн авч, өнөөг болтол Монгол-Хятад-Оросын залуучуудын хамтарсан хөтөлбөр байхгүй байгаа өнөө үед энэхүү тойрон аяллыг зохион байгуулах нь цаг үеэ олсон арга хэмжээ байж болох юм гээд ирэх гуравдугаар сард Монгол Хятадын ГХЯ-ны дэд сайд нарын Бээжинд болох уулзалтын үеэр энэхүү саналыг уламжлахаа хэллээ.

Эцэст нь, БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хоёрдугаар сарын 8-нд Хятадын Үндэснийхээ баярыг тохиолдуулан олон нийтэд зориулсан арга хэмжээг “Скай Ресорт” амралтын төвд зохион байгуулах юм байна.


Монголын Залуучуудын Холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай 2015 онд хамтран ажиллана  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй