Шууд Chart

Өнөөдөр Залуучуудын байгууллагыг үндэслэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

2015-02-02 13:18:26

Цаг үеийнхээ  түүчээ  болсон бид үе, үеийн эх орончдыг дурсан санаж, тэдний алдар гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн хүргэж байх учиртай. Бидний үнэт өв бол эх орон, үүнийг хамгаалж ирсэн үе, үеийн алдартнуудын түүхэн замнал гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч үгүй биз ээ. Тэгвэл  өнөөдөр Монголын  Залуучуудын  байгууллагыг үндэслэгч  их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож байна. 

Тэрээр  Монголын Залуучуудын  холбооны  үндэс суурийг 1921 оны наймдугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр  байгуулж, Монголын залуучуудын анхны байгууллагын шанг татаж байсан  гавьяатнуудын  нэг. 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн X хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуу хуран цугларч Монголын Залуучуудын анхны байгууллагын үндсийг тавьж, "Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож, тамга тэмдгээ сийрүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгож байжээ. Мөн 1921 оны есдүгээр сарын 12-ноос  “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн таван үүрийг нэг жилийн хугацаанд Их Хүрээнд байгуулж, 1922 оны долоодугаар сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурлыг хуралдуулж, 600-аад гишүүн 30 шахам үүрийг төлөөлөн төлөөлөгчид оролцож байсан хэмээн  түүх сурвалжид  тэмдэглэсэн байдаг.

Энэ түүхэн  хүний анх  санаачлан байгуулсан уг  байгууллага  нь  өдгөө  21 аймаг, 320 сум, есөн дүүрэг бүрт залуучуудын  холбоо,  асуудал  эрхэлсэн мэргэжлийн  холбоод, мөн  гадаад улс орны залуучуудыг холбож өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ  ОХУ, БНХАУ, Япон, Герман, Англи, Америк, БНСУ, БНАСАУ, Малайз зэрэг 20 гаруй улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаатай улс  гүрэн  дамнасан  үндэсний  томоохон  байгууллага  болон  ажиллаж  байгаа юм.

Д.Сүхбаатар нь 1921 оны гуравдугаар сарын 24 -нөөс 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-наас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ийнхүү эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны есдүгээр сард Ардын эрхт Монгол Улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол Улсын анхны зоригт баатар насан эцэслэсэн байна. 


Өнөөдөр Залуучуудын байгууллагыг үндэслэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй