Шууд Chart

Амар мөрний усны түвшин 17 сантиметр нэмэгджээ

2013-08-19 14:52:55

Манай хойд хөрш ОХУ-ын Хабаровск хот орчим Амар мөрний усны түвшин өнгөрсөн нэг хоногт 17 сантиметр нэмэгдэж, 657 сантиметр хүрсэн нь урьд нь байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Оросын Онц байдлын яам усны түвшин цаашид ч нэмэгдэнэ, энэ сарын 25 гэхэд 700 сантиметрт хүрч болохыг анхааруулж байна. Энэ удаа усны түвшин 1972, 1984 оны аймшигт үерийн үеийнхээс их байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хабаровск хотод орон сууцны байшин барилгууд усанд автаж болохоос сэргийлж, түр далан босгох ажил ид өрнөж байна. Энэ ажилд иргэний зориулалттай их хэмжээний техник хэрэгсэл татаж байгаагийн дээр цэргийн зориулалттай инженерийн техникийг татан оролцуулж байна. Мөн хүмүүс сайн дураараа Амар мөрний дагуу далан босгох ажилд ханцуй шамлан орж байна. Хабаровск хотод хүмүүсийг түр байрлуулах гурван цэг байгуулж, шаардлагатай бүх л зүйлээр, тухайлбал усанд орох газар, унтах байр, халуун хоол, амрах өрөө бий болгож, сэтгэл зүйчдээр хангажээ. Амар мөрний дагуух бүс нутагт их үер болж байгаатай холбогдуулан Хабаровск, Амар мөрний Комсомольск хотод, мөн Амар, Комсомольск, Нанайск, Хабаровск мужид онц байдал зарлаад байна. Амар мөрөн дээр хоёр гурван усан цахилгаан станц байдаг нь байдлыг бас хүндрүүлж байна. Усан цахилгаан станцын ус нөөцлөх сан дүүрч байгаа тул усыг доош сул урсгах зайлшгүй шаардлага гарч байгаа. Ингэснээр цахилгаан станцаас доошхи Амар мөрний усны түвшин нэмэгдэж байна.

 
 

Амар мөрний усны түвшин 17 сантиметр нэмэгджээ  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй