Шууд Chart

Монгол залуус Евро-Азийг морин туурайгаар тамгална

2015-02-17 16:17:23

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй  “Евро-Азийн нутгаар морьтон Монгол залуус” Морин аялал нь улс орныхоо түүх соёл, зан заншил, байгаль, угсаатны онцлог, язгуур урлагаар дамжуулан Монгол орныг дэлхийд таниулан сурталчилах зорилготой юм.  Ингэснээр манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийд нэн ховордсон мазаалайг дэлхийд таниулах, хамгаалах, монгол хүний тэсвэр, тэвчээр, монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон зүйлийг  багтаасан судалгааны хөтөлбөрт ажил билээ.

Аялал нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх  долоодугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байна. Евро Ази дундаа Казакстан, Орос, Белорус, Польш, Герман, Франц, Бельги зэрэг улс орнуудаар нийт 20 мянган км замыг туулах нь .  Аялагч залуус өөрийн орны хөгжил, дэвшлийг Евро-Азийн бусад орнуудтай харьцуулах, аялсан улс орныхоо Залуучуудын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, аялж буй газар нутгийн онцлог, соёл, зан заншлын тухай телевизийн нэвтрүүлэг, фото зургийн цомог, аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжийн тухай судалгааг газар орны нөхцөл байдалтай холбон судлах зэрэг олон үүргийг хүлээж байгаа юм.  

Түүнчлэн өвөг дээдсийн байлдан дагуулалтын замаар бүдгэрэн арилж буй  түүхийн дурсгалт зүйлс түүнтэй холбоотой үүх түүх, үлгэр домог ямар газар нутгуудаар тархсаныг тодруулах нь энэхүү аяллын бас нэгэн ач холбогдол орших бөгөөд үүгээр дамжуулан эл судалгааны эх хэрэглэгдэхүүнийг цаашид улам лавшруулан судлах эх үүсвэрийг тавих юм. 

Багийн ахлагчаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, багийн гишүүдээр судлаач Лу.Батнасан, судлаач А.Очирхуяг гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөжээ. Энэхүү төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж ивээн тэтгэх  ААН байгууллагад төслийн багийнхан бүрэн нээлттэй гэдгийг дашрамд дуулгая.


Монгол залуус Евро-Азийг морин туурайгаар тамгална   
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй